Өвөрхангай, Баянхонгор аймгийн соёлын өвийн ажилтнууд зѳвлѳлдѳв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-12-16 18:23:31

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн Боловсрол, соёл, урлагийн газраас Өвөрхангай, Баянхонгор аймгийн соёлын өвийн ажилтнуудыг хамруулсан “Соёлын өвийн хадгалалт хамгаалалтад орон нутгийн оролцоо”  эрдэм шинжилгээний бага хурлыг Хархорин суманд зохион байгууллаа.

Хурлыг дүгнэж, Соёлын өвийн Үндэсний төвийн захирал доктор Г.Энхбат хэлэхдээ Орон нутгийн агентлаг нь санаачлаад музейн ажиллагсад, соёлын өв судлаачдаа хамруулсан энэ хурал анхных гэж хэлж болно. Засч сайжруулах зүйл байгаа ч манай музейчдын тавьсан илтгэлүүд судалгаа, нотолгоотой, шинжлэх ухааны талаас нь дэвшүүлсэн санаа оновчтой, маш сайн болсон байна. Энэ хурал соёлын өвийн ажилтнуудын мэдлэг, ур чадвар, чадавхийг нэмэгдүүлсэн, орон нутагт судалгаа явуулж болдгийг харуулсан сайн ажил боллоо” гэв.

Орон нутгийн соёлын өвийн хадгалалт хамгаалалтыг сайжруулахад соёлын өвийн ажилтнуудын ур чадвар, чадавхийг нэмэгдүүлэх, орон нутагт соёлын өв судлалыг хөгжүүлэх зорилготой уг хурлаар нийт 15 илтгэл танилцуулж, хэлэлцүүлэг хийлээ. Соёлын өвийг хамгаалах асуудал нь цогц, тогтолцоот үйл ажиллагаа, аргачлалын нэгдэл бөгөөд түүнийг хамгаалах бодлогоос гадна соёлын өвийн үнэ цэнийг нэмэгдүүлэх, түүнийг түүх, угсаатны зүй, соёл, судлал, намтар зэрэг олон талаас нь авч судлах нь чухал болохыг хуралд оролцогчид хэлж байв.

Эрдэм шинжилгээний бага хуралд хоёр аймгийн БСУГ-аас гадна Орон нутаг судлах музей, Эрдэнэ-Зуу, Хархорум музей, Дэлхийн өв-Орхоны хөндийн соёлын дурсгалт газрын Захиргааны музейн соёлын ажилтнууд, МУЗГ-ын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, Урлагийн Газрын биет өв, музейн асуудал хариуцсан мэргэжилтэн Ч.Нацагням, Соёлын өвийн Үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбат, МХЕГ, Байгалийн түүхийн музейн Соёлын өвийн Улсын байцаагч, шинжээч, ажилтнууд оролцсон юм.

相关新闻