Улс орнууд маргаантай асуудлаа хэлэлцээрийн замаар шийдвэрлэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-17 12:04:23

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн 2015 оны намрын хурал Байнгын хорооны хуралдаанаар үргэлжилж байна.

Байнгын хорооны хуралдаанаар Европын холбооноос ОХУ-д тавьсан парламентын хориг болон Сирийн асуудлыг хэлэлцлээ. Хуралдааны эхэнд ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва, “Өчигдөр ОХУ-ын төлөөлөгчид тус улсыг Европын холбооны аливаа хуралд оролцуулахгүй байгаа талаар хөндсөн. Миний бие ОХУ-ын төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, энэ чиглэлээр санал солилцож, ОХУ-ыг аливаа үйл ажиллагаанд оролцох улс төрийн хоригийг цуцлах хэрэгтэй гэсэн шийдэлд хүрсэн. Цаашдаа ОХУ-ыг олон улсын үйл ажиллагаанд оруулах чиглэлээр ажиллах болно” гэлээ.

Уг асуудалтай холбогдуулан ОХУ-ын төлөөлөгчид Парламентын Ассамблейн Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бол Украйны төлөөлөгчид ОХУ “Нормандын дөрвөл"-ийн байгуулсан Минскийн гэрээг хэрэгжүүлэх хэрэгтэй гэлээ.

Мөн Шведийн төлөөлөгч “Сирийн цагаачид, дүрвэгсэдийн асуудлыг тусгайлан авч үзэх хэрэгтэй. Тус улсын олон дүрвэгч амиа алдаж байна. Тиймээс энэ чиглэлээр тусгайлсан хурал зохион байгуулах ёстой” гэсэн санал хэлэв. Парламентын Ассамблейн Ерөнхийлөгч Илкка Канерва, “Энэ чиглэлээр манай байгууллага хурал зохион байгуулах шаардлага гарах байх. Сири улс ч өөрсдийн санаачилгаар тусгай хурал зохион байгуулах боломжтой” хэмээн хариулав.

Германы төлөөлөгч “Сирийн асуудлаар хурал зохион байгуулахдаа тодорхой шийдэл бүхий тунхаглал гаргах хэрэгтэй. Мөн өчигдөр ярьсан ОХУ-ын олон улсын хуралд оролцох асуудлыг шийдвэрлмээр байна. Ингэхдээ манай болон бусад олон улсын байгууллагуудаас гаргасан тунхаглал, дүрэм, журмыг нарийн баримтлах шаардлагатай” гэлээ.

ЕАБХАБ-ын Парламентын Ассамблейн гишүүн орнууд аливаа маргаантай асуудлаа хэлэлцээний зарчмаар шийдвэрлэх хэрэгтэй. Энэ бол ЕАБХАБ-ын үнэт зүйл. Тиймээс аливаа маргаантай асуудлаа олон улсын хурлын үеэр эсхүл харилцан айлчлал хийх байдлаар шийдвэрлэх нь зөв гэдэгт хуралд оролцож буй олон улсын төлөөлчгид санал нэг байгаагаа илэрхийлэв.

Хуралдаан үргэлжилж байна.

Ч.Ариунболд

相关新闻
注释