Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Дорноговьчууд нэгдэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬДорноговь /МОНЦАМЭ/. Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аянд Дорноговчууд нэгджээ. Дэлхийн олон орон жил бүрийн 11 дүгээр сарын 25-наас 12 дугаар сарын 10-нд "Жендэрт суурилсан хүчирхийлэлтэй тэмцэх 16 хоногийн аян"-ыг тэмдэглэдэг бөгөөд Монгол Улс тус аяныг 20 дахь жилдээ зохион байгуулж буй.
Энэ жил хүчирхийллээс урьдчилан сэргийлэхэд хувь хүн бүрийн оролцоо, тэдний харилцаа, хандлага, үйлдлийг эерэг болгох зорилгоор “Харилцаа Хандлага, Үйлдэл-Эерэг болгоё” гэсэн уриан доор тэмдэглэж байгаа аж. Аяны хүрээнд байгууллага, иргэд, залуучууд, ерөнхий боловсролын ийн ахлах ангийн сурагчид, МСҮТ, АШУҮИС оюутнууд зэрэг 600 гаруй иргэнд "Цагаан туузтаны хөдөлгөөн”-д нэгдэхийг уриалж, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, харилцаа, хандлага, үйлдлийг эерэг, зөв болгох талаарх мэдээлэл өгсөн.
Мөн МУСТА, Монголын Зохиолчдын эвлэлийн шагналт зохиолч, яруу найрагч Л.Эрдэнэбатын зохиол, Саран хөхөө театрын жүжигчин А.Баярсайханы найруулсан “Бурхан өршөөхгүй” богино хэмжээний жүжгийг толилуулах зэрэг ажлыг аймаг, сумын ЗДТГ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, ГБХЗХГазар, Эмэгтэйчүүдийн холбоо, АШУҮИС- ын оюутнууд хамтран зохион байгуулав.
Дорноговь аймгийн Иргэний нийгмийн байгууллагууд хамтран Монгол Улсын засгийн газар, Азийн хөгжлийн банкны “Салбар орон нутгийн жендэрийн мэдрэмжтэй хөгжлийн бодлого төлөвлөлт, үйл ажиллагаа” техник туслалцааны төслийн Жендэрийн зөвлөх багийн дэмжлэгтэйгээр Дорноговь аймгийн жендэрийн нөхцөл байдал, институцийн дүн шинжилгээ судалгааг 2017 онд хийсэн байдаг.
Судалгаагаар Дорноговь аймгийн хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн эмэгтэйчүүдэд туслалцаа үзүүлэх сэтгэл зүйн зөвлөгөө өгөх төв байдаггүй улмаас хүмүүс ихэвчлэн шүүх, цагдаагийн байгууллагад ханддаг, Боловсролын салбарт ажиллагсдын 80 гаруй хувийг эмэгтэйчүүд, дотуур байрны хүүхдүүдийн ихэнх нь эмэгтэй, төрийн алба хаагчдын 60.2 хувь нь эрэгтэй,39.8 хувийг эмэгтэйчүүд эзэлж эрэгтэйчүүд улс төрийн болон тусгай албанд давамгайлдаг гээд олон сөрөг хүчин зүйл буйг тогтоожээ.
Тиймээс Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах тухай хууль, “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай”
үндэсний хөтөлбөрийг орон нутагт хэрэгжүүлж жендэрийн мэдрэмжтэй бодлого
төлөвлөх, нийгмийн бүлгүүдийг орон нутгийн хөгжлийн үйл явцад оролцуулах, үр
шимийг нь тэгш шударгаар хүртэх боломж нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор “Жендэрийн
эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөр”-ийг Дорноговь аймгийн Иргэдийн
төлөөлөгчдийн хурлын 2017 оны 06/03 тоот
тогтоолоор баталж хэрэгжүүлж байна.