Сайнцагаан суманд нарны цахилгаан станц барина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬГадаадын хөрөнгө оруулалтаар Улаанбаатар хотын “Сан роад трайд” ХХК Дундговь аймгийн төв Сайнцагаан сумын нутагт нарны цахилгаан станц барихаар болжээ. Тус компанийн захирал Б.Алтай, Сайнцагаан сумын Засаг дарга М.Баянсан нар хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Нарны цахилгаан станц нь 30 мвт- ын хүчин чадалтай байх бөгөөд барилга угсралтын ажлыг дөрөвдүгээр сарын нэгний дотор эхлүүлж, ирэх зургадугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Хоёр талын үзэглэсэн гэрээгээр станцын барилга байгууламж барихад ажиллах хүчний 50 хувийг орон нутгаас авч, төсөл хэрэгжүүлэхтэй холбоотой газрын төлбөр болон бусад татварыг хуулийн хугацаанд төлөх үүргийг “Сан роад трайд” ХХК хүлээсэн байна. Мөн станц ашиглалтад орсон цагт ажиллах хүчний 70-аас доошгүй хувийг орон нутгаас авч, сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр орон нутагт боловсон хүчин бэлтгэн ажлын байраар хангахаар гэрээнд тусгажээ.
Харин Сайнцагаан сумын ЗДТГ-ын хувьд өөрийн нутаг дэвсгэрт өрнүүлэх бүтээн байгуулалтын ажилд бүх талаар дэмжлэг үзүүлж, ажиллах хүчин болох бусад ханган нийлүүлэлтийг бэлдэнэ. Мөн бүтээн байгуулалтад зориулж 100 га газрыг аймгийн төвийн зүүн хойд захад төлөвлөн шийдэж өгчээ.
Т. Отгонтуяа