Гурвантэс суманд шинэ баг байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймгийн Гурвантэс суманд шинээр баг байгууллаа.
Энэ сарын 29-ний өдөр Өмнөговь аймгийн ИТХ-ын VII ээлжит хуралдаан болж хуралдаанаар Гурвантэс сумын хүн амын байршил, эдийн засгийн чадавх, газар зүйн байршил, зам харилцааны нөхцөлийг харгалзан төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулж сайжруулах зорилгоор тавдугаар баг буюу Бага-Овоо нэртэй багийг шинээр байгуулжээ.
Тус багт сумын төвийн айл өрхүүд, Овоотын отряд, Шивээ хүрэнгийн боомтын гаалийн ажилтнууд, тухайн орчны малчид оржээ. Бага-Овоо багийг 660 гаруй хүн амтай, 200 гаруй айл өрхтэйгээр байгуулсан байна.
Гурвантэс сум 4900 гаруй хүн амтай юм.
Мөн тус хуралдаанаар 2019 онд аймгийн хэмжээнд иргэнд өмчлүүлэх газрын хэмжээ, байршил, зориулалт баталж, аймгийн 15 сумын 59 багийн нутаг дэвсгэрийн хилийн заагийн эргэлтийн цэгийн баталсан юм.