Бэлчээр ашиглалтын журмыг боловсруулж дуусч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-30 11:43:58
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймаг бэлчээр ашиглалтаа сайжруулахын тулд “Бэлчээрийн менежментийн ажлын хэсэг” байгуулж, 2018 оны 3 дугаар сараас эхлэн “Бэлчээр ашиглах журам” боловсруулах ажлыг эхлүүлэн одоо дуусах шатандаа явж байна.

“Бэлчээр ашиглах журам” боловсруулах үйл ажиллагааны хүрээнд тус ажлын хэсэг 15 сумын малчид, иргэдээс санал авч, журмын төслөө боловсруулан, эцсийн байдлаар хэлэлцэх уулзалт хэлэлцүүлгийг 11 дүгээр сарын 29-ний өдөр Мандалговь хотноо зохион байгуулсан байна.

Хэлэлцүүлгийг аймгийн ХХААГ, БОАЖГ, “Элгэмсэг Дундговь” ТББ хамтран “Ногоон алт” төслийн дэмжлэгтэйгээр зохион байгуулж, үйл ажиллагаанд багийн Засаг дарга нар, хөдөө аж ахуй, цаг уур, байгаль орчны чиглэлэлээр ажилладаг албаны хүмүүс оролцсон бөгөөд “Ногоон алт”төслийн газраас оролцогчдыг чадавхжуулах сургалт хийжээ.

Энэхүү журмыг батлан хэрэгжүүлснээр малчид малынхаа тоо толгойг бэлчээрийн даацад тохируулан өсгөх, хэмжээ хязгааргүй бэлчээр хаших үйл ажиллагааг зогсоох, өвөлжөө, хаваржааныхаа орчим хаших бэлчээрийн хэмжээг тогтоож өгөх, өөр аймгийн оторчдыг зохицуулах гээд бэлчээрийн менежменттэй холбоотой олон асуудлыг цэгцлэх ажээ.

УЦУОШГ-ын 2018 оны есдүгээр сард гаргасан мэдээгээр аймгийн нийт нутгийн 55 орчим хувь нь бэлчээрийн даац хэтрэлттэй, Хулд сумын хойд хэсгээр 3-5 дахин, ихэнх сумдын нутгаар 1-3 дахин хэтэрсэн байдалтай байгаа юм. 

相关新闻