Дундговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-27 13:42:48
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүд 11 дүгээр сарын 25-ны өдөр “Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо” байгуулах анхны хурлаа хийж, нэгдэж ажиллахаар боллоо. Тус холбооны зохион байгуулах хуралд Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүлэгч С.Долгорханд, Э.Алтантуяа нар оролцсон байна.

Дундговь аймагт бизнес эрхлэгчдийн нийгэм дэх оролцоог нэмэгдүүлэх, эрх ашгийг нь хамгаалах, тэдний үйл ажиллагааг нэгтгэх, хамтын ажиллагааг бий болгох зохион байгуулалтын ажил дутагдаж байсныг шийдвэрлэх анхны алхмаа ийнхүү тавьжээ.

Хуралд оролцсон эмэгтэйчүүд Дундговь аймгийн Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоогоо албан ёсоор байгуулж, тэргүүлэгч 15 гишүүнээ сонгосон бөгөөд холбооны даргаар "Ялгуум билэгт" ХХК-нийн захирал Дэжидийн Оюунчимэгийг батламжилжээ.

Монголын Бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбоо нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийг чадавхжуулах, гэрээ хэлцэл хийхэд нь туслах, гадаадын түншүүд болон гадаад дотоодын зах зээлд холбож өгөх, зээл авахад нь батлан даалт гаргах, туршлага судлуулах зэргээр дэмжиж ажилладаг байгууллага ажээ.

Дундговь аймгийн хэмжээнд нийт 593 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаагаа явуулж байгаагийн 216 нь эмэгтэй даргатай байгаа бөгөөд Сайнцагаан сумын хэмжээнд 339 патент төлөгч бизнес эрхлэгчийн 63 хувь нь эмэгтэйчүүд байдаг байна.

相关新闻