Математикийн нээлттэй олимпиадад 400 гаруй багш, сурагч оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-27 13:25:27
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/.  Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий агсны нэрэмжит математикийн нээлттэй олимпиад өчигдөр болж Улаанбаатар хот, Хэнтий, Сүхбаатар, Өмнөговь, Баянхонгор, Дундговь  аймгийн 26 сургуулийн 400 гаруй багш, сурагч оролцож, оюун ухааны хүч чадлаараа өрсөлджээ.

2001 оноос хойш 18 дахь удаагаа Мандалговь хотод амжилттай зохион байгуулагдсан энэ удаагийн олимпиадад Улаанбаатар хотын "Орчлон” сургууль 3 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж, Улаанбаатар хотын 1-р сургууль, "Шинэ үе”, "Эрдмийн хишиг”,  Дундговь аймгийн Цэгцбилиг сургуулиуд удааллаа.

Монгол Улсын гавьяат багш Н.Өлзий нь Дундговь аймагт математикийн хичээлээр хүүхэд багачуудын авьяасыг багаас нь нээн хөгжүүлж, ирээдүйд оюун ухааны өндөр чадамжтай, чадварлаг сэхээтэн, математикийн багш нар, инженерүүдийг бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Тэрээр 1980-аад оны үед аймгийн 10 жилийн 1-р сургуульд “Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги” нээж, улмаар 1997 онд “Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай сургууль” байгуулан ажилласан нь эдүгээ түүний өөрийнх нэрээр нэрлэгдсэн сургууль болон өргөжин хөгжиж байгаа ажээ.

Түүний нэрэмжит энэхүү олимпиад нь Улаанбаатар хотын багуудыг нээлттэй оролцуулдаг бөгөөд оролцогчдын тоо, цар хүрээ, чансаагаараа улсын хэмжээнд дээгүүрт ордог тэмцээнүүдийн нэг гэдгээрээ онцлогтой.

Олимпиадыг Н.Өлзийн нэрэмжит Цэгцбилиг сургуулийн хамт олон зохион байгуулж,  МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн багш Б.Баяржаргал ахлагчтай баг шүүж,  Сайнцагаан сумын ЗДТГ, Дундговь аймгийн БСУГазар, Дундговь аймаг дахь ХААН банк, "Өлзий багш " сан, “Мандалговь” хүнс ХХК, “Хөрх булаг” ХХК, “Их хайрхан “ХХК, “Ган-Илч” ХХК, 1984 оны Цэрэнбямба багштай 10в ангийн хамт олон ивээн тэтгэсэн байна.

相关新闻