“Хүүхдийн эрх, хөгжил ІІ” төслийн дүнд дотуур байрны нөхцөл сайжирсан гэж дүгнэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2018-11-24 19:36:04

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Норвегийн тусламжийн байгууллагаас сургуулийн дотуур байрны хүүхдүүдийн болон байрны багш, ажилчдын орчин нөхцөлийг сайжруулах, хүүхдүүдийн чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөхөд нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хэрэгжүүлсэн “Хүүхдийн Эрх- Хөгжил 2” төслийн тайлангийн хурал өнөөдөр боллоо.

Уг төсөл нь 2014-2018 оны хооронд Баян-Өлгий аймгийн 13 сум, нэг тосгоны 29 дотуур байранд хэрэгжсэн бөгөөд энэ хүрээнд хүүхдийн эрх, хүүхэд хамгаалал, хүмүүжлийн эерэг арга, хөгжил оролцооны чиглэлээр сургалт сурталчилгааны ажлууд зохион байгуулсан байна. Мөн дотуур байр бүрийг хүүхэд хөгжлийн танхимтай болгох, эрүүл мэндийн анхны тусламжийн багц бүрдүүлсэн ба, гурван дотуур байрыг /Улаанхус сумын Ойгор дунд сургууль, Ногооннуур сумын бүрэн дунд сургууль, Цэнгэл сумын Загаст нуур багийн бага сургууль/ загвар дотуур байр болгон хөгжүүлэх чиглэлээр хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэн ажээ.

Төслийн үр дүнд дотуур байранд амьдарч буй хүүхдүүд болон багш, ажилтнуудын хүүхдийн эрхийн талаарх мэдлэг, хандлага дээшилсэн, материаллаг болон үйлчилгээний нөхцөл байдал сайжирсан, эцэг эхчүүдийн дотуур байрны үйл ажиллагаанд үзүүлэх дэмжлэг, оролцоо нэмэгдсэн гэдгийг төсөлд хамрагдсан сургуулийн удирдлагууд, дотуур байрны багш нар онцолж байна.


相关新闻