Аймгийн ахмадын байрны газар, хөрөнгийн асуудлыг шийдэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2018-11-24 19:34:16
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ Сайнцагаан сумын иргэдтэй 11 дүгээр сарын 12-нд уулзалт хийх үеэр ахмадууд “Ахмадын шинэ байр” барих төсөв хөрөнгө болон газрын асуудлыг шийдэж өгөхийг хүсчээ. Тиймээс тухайн асуудлаар Засаг дарга  ахмадуудыг энэ сарын 23-нд хүлээн авч уулзан дээрх асуудлыг шийдэж өгөхөөр болсноо дуулгалаа.


Уулзалтад 80 гаруй ахмадын төлөөлөл оролцсон байна.

2013 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Ахмадын хороонд хотын төвд газар олгож, газрын эрхээ хуулийн хугацаанд нь сунгуулж ирсэн ажээ.

Тухайн орчмын газар нь нийтийн эзэмшлийн газар учраас Сайнцагаан сумын ЗДТГ-аас Ахмадын хорооны эзэмшлийн газрыг оролцуулан 2018 онд цэцэрлэгт хүрээлэн байгуулах зорилгоор хашаа барьж, харин Ахмадын шинэ байрыг өөр газарт бариулахаар хоёр ч газрыг товлож өгчээ. Харин ахмадуудын зүгээс одоогийн эзэмшлийн газар дээрээ бариулах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.

Тиймээс аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнэ ахмадуудынхаа санал хүсэлтийг хүлээн авч, одоогийн эзэмшлийн газрыг нь хэвээр үлдээх шийдвэр гаргасны дээр байр барихад шаардагдах 500 сая төгрөгийг 2019 оны төсөвт суулган шийдүүлэхээр амалсан байна.  

相关新闻