БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жон Жэ Нам тэргүүтэй төлөөлөгчид Ховд аймагт зочлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2018-11-23 12:00:26

Ховд /МОНЦАМЭ/. БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Нам тэргүүтэй өргөн бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Ховд аймагт зочлов.

Зочдын бүрэлдэхүүнд Элчин сайдын яамны  Нэгдүгээр  нарийн бичгийн дарга буюу үйлдвэрлэл дэд бүтэц, эдийн засаг хариуцсан дарга Пак Хон Жин, ЭСЯ-ны Ерөнхий Консул Жон Хён Гү, Элчин сайдын яамны  Хоёрдугаар  нарийн бичгийн дарга буюу соёл, боловсрол, улс төрийн асуудал хариуцсан дарга Ким Сог Ху нар болон элчин сайдын яамны зарим ажилтнуудаас гадна "Койка"  Олон улсын байгууллагын төлөөлөл багтжээ. 
Айлчлалын хүрээнд энэ оны 11 сарын 21-ний өдөр Жаргалант сумын ерөнхий боловсролын хоёрдугаар  сургуулийн үйл ажиллагаатай танилцаж, тус аймагт ажиллаж байгаа Койкагийн сайн дурын ажилтнуудын ажлын орчин нөхцөлтэй танилцав.

Төлөөлөгчид тус аймгийн  Дөргөн сумын УЦС-ын үйл ажиллагаатай танилцаж, сумын удирдлагуудтай уулзсан юм. Дөргөний УЦС-ын хувьд Баруун бүсийн эрчим хүчний системийн 30 хувийн хэрэглээг хангадаг, 40 гаруй ажилтантай. Ховд аймгийн томоохон бүтээн байгуулалтын нэг юм. Тус станцыг Хятад улсын хөнгөлөлттэй зээлийн тусламжаар барьж байгуулсан юм.

Ноён Элчин сайд энэхүү бүтээн байгуулалтын ажилтай танилцаад, манай улсын хөнгөлөлттэй зээлээр олгогдож буй хөрөнгө оруулалтыг алслагдсан хязгаар нутгийн эрчим хүч, дэд бүтэц, бүтээн байгуулалт зэрэг үр ашигтай зүйлд ашиглах нь зүйтэй гэж хэлээд, Ховд  аймаг дэд бүтцийн салбарыг хөгжүүлэх чиглэлээр бидэнд санал тавих юм бол төслийг судалж үзээд дэмжиж хамтран ажиллахад бэлэн байна. БНСУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны дипломат ажилтнууд оролцсон ажлын хэсэг Улаанбаатар хотоос зориуд машинаар гарсан бөгөөд замдаа ард түмний аж амьдрал, зам, дэд бүтэц, нисэх буудал зэргийг нүдээрээ үзэж олон зүйлийг мэдэж, газар дээр нь танилцсан. Хэрвээ онгоцоор ирсэн бол энэ бүхнийг харж, мэдэх боломжгүй байсан, Монголд би тэмээ харж байсан гэхдээ танай Дөргөн суманд харсан тэмээ маш том сүрлэг байсан, биднийг дайлсан ингэний хоормог одоо ч амтагдаж байна. Ингэний хоормогийг боловсруулж, Солонгос Улсын зах зээлд нийлүүлж экспортлох боломж байна гэдгийг хэлэх байна, Дөргөн сумын Засаг дарга тэмээний наадам зохион байгуулдаг гэж танилцуулсан, үүнийг Олон улсын аялал жуулчлал болгон хөгжүүлэх боломж байна гэж би олж харлаа. Энэ бүхнийг би өөрийн биеэр ирж хараагүй бол мэдэхгүй байх байсан гэв.

Ховд аймгийн Дөргөн сумын ИТХ, Засаг дарга нарын зүгээс БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Жон Жэ Намд сумынхаа хүндэт тэмдэгийг гардуулав. Энэхүү хүндэт тэмдэгээр шагнасан нь намайг энэ аймаг, сумын хүндэт иргэн болголоо гэж би ойлгож, баярлаж байна гэж хэлэв.   

 

相关新闻