Хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэгээрээ өрсөлдөв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/ Дэлхийн хүүхдийн өдрийг тохиолдуулан "Ногоон гэрэл цагаан шугам 2018" тэмцээнийг Даланзадгадад зохион байгуулав.
Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдад Замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, замын хөдөлгөөнд аюулгүй оролцох дадал эзэмшүүлэх, замын хөдөлгөөнд соёлтой оролцож хэвших ач холбогдлыг өсвөр үе, иргэдэд сурталчилах ажлыг эрчимжүүлэх зорилгоор жил бүр уламжлал болгон уг тэмцээнийг зохион явуулдаг билээ. “Ногоон гэрэл цагаан шугам-2018” Энэ жилийн тэмцээнийг аймгийн ГХУСАЗЗөвлөл, Цагдаагийн газар, Улаан загалмай хороо, автосургуулиудтай хамтран амжилттай зохион байгууллаа.
Тэмцээнд Даланзадгад сумын дөрвөн сургуулийн 44 сурагч, 4 багш оролцож, буухиа тэмцээн, замын хөдөлгөөний дүрэм, улаан загалмайн асуултад хариулах, анхны тусламжийн даалгавар гүйцэтгэх, хүүхдийг замын хөдөлгөөнд зөв боловсон оролцуулах тухай жүжигчилсэн тоглолт зэрэг даалгавруудыг гүйцэтгэн өрсөлдсөн байна. Тэмцээний тэргүүн байранд Эрдмийн гэгээ сургуулийн Б.Энх-Амгалан багштай “Хүчирхэг-12” баг, дэд байранд 5-р сургуулийн Ц.Хулан багштай “Шонхорууд” баг, гутгаар байранд 1-р сургуулийн Ц.Оюунсүрэн багштай “Traffic policeman” багууд тус тус шалгарч шагналын эзэд болсон юм.
Тэмцээний үеэр үзэгчдийн дунд Цагдаагийн байгууллагаас цахим орчны зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон нийтэд түгээх зорилготой “Цахим орчинг зөв болгоё” сэдэвт мэссэжний уралдаан зохион байгуулж, идэвхтэй оролцсон гурван иргэнд гарын бэлэг гардуулж өглөө.