Т.Цэрэнтогтох: Стресстэй хүн хооллолтондоо хяналт тавьж чаддаггүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-15 10:52:55
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ “Монголчуудад хоолоор нь дамжуулж олон зүйлийг ойлгуулмаар байна” хэмээн Т.Цэрэнтогтох эмч хэлсэн юм. Бид Орхон аймагт хэрэгжүүлж буй “Эрүүл Эрдэнэт хүн” аяны талаар буюу  элэг, улаан хоолой, ходоодны хорт хавдар, БЗХӨ-ийг бууруулах чиглэлээр хийж буй ажлын талаар ярилцах үед тэрээр хоолоо зөв сонгоогүй хүн өвчин “худалдаж авдаг” , хоолныхоо сонголтыг хийж чадахгүй байгаа нь бие хүний төлөвшилтэй холбоотой хэмээн хэлсэн нь биднийг “хооллож чаддаггүй ард түмэн” гэдгийг батлах шиг болсон.  Хооллолт сэтгэл зүйтэй, сэтгэл зүй -өвчинтэй салшгүй холбоотой. Энэ сэдвийг тойрсон ярилцлагаа хүргэе. “Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ-ын гишүүн, “Медипас” эмнэлэгийн Гастроэнтеролог, дурангийн тасгийн эрхлэгч Т.Цэрэнтогтох.

- “Соёлын довтолгоон” гэдэг шиг “Эрүүл мэндийн боловсролыг сайжруулах” аяныг Орхон аймаг  эхлүүллээ.  “Эрдэнэтийн Эрүүл иргэн” ТББ Орхон аймгийн ЗДТГ-тай хоёр дахь жилдээ хамтран ажиллаж бүх нийтийн эрүүл мэндийн боловсролыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна. Ер нь бид эрүүл, саруул, аз жаргалтай амьдрахад юу дутагдаад байна вэ?

- Бид өөрөө, өөрийгөө хүндлэх үнэлэмж дутуу байна.  Бие болоод сэтгэл оюунаа зүй зохистой авч явах, зөвд дадуулах хэрэгтэй. Бидний эд эрхтэн хогийн сав биш, нийтээрээ тэжээхүйн ухаанд суралцах, энэ нутаг усанд зохицож ирсэн, тэсэж үлдэх уламжлалт ухаанаа сэргээх хэрэгтэй байна. Хүн хоолноосоо болж үхдэг ч, сэхдэг ч гэж ярьдаг шүү дээ. Эрүүл байхын үндэс нь эрүүл зөв хооллолт, идэвхитэй зөв дасгал хөдөлгөөн, сэтгэл санаагаа тэгш амгаланд барьж дадуулах явдал. Амтлах, залгих, цадах мэдрэмжээ ялгаж байх учиртай. Өөрөөр хэлбэл сайхан амттай байна гэдэг нь биед тустай гэсэн үг биш ээ. Хамгийн чухал нь ходоод руу орж буй хоол цаг улиралдаа зохицсон, шингэцтэй бөгөөд шимтэй байх ёстой. Өнөөдрийн Монгол Улс өнгөрсөн үеийн олон золиос, тэмцлийн дунд тэсэж үлдэж оршин тогтносон, тайван цагт амьдарч байна. Харамсалтай нь өвчлөл их байна. Эрүүл амьдрах тухай ярихдаа, их хоол битгий ид, хоол идсэний дараа шууд битгий хэвт, давс бага хэрэглэ, халуун цай битгий уу гэсэн жижиг асуудлын талаар л ярьж байна. Уг нь хоолны найрлага, бүтцийг ярих ёстой. Эзэн Чингисийн үед таниж мэдэхгүй хоолыг “ Амсвал цадсанд тооц, Үнэрлэвэл идсэнд тооц” гэж дайчиддаа зөвлөж байж. Одоо эсэргээрээ шүү дээ. Идэж үзээгүй амсаж үзээгүй гээд л халуун чанартай хоол хүнснийг нэг дор идэх жишээтэй. Адууны махыг кимчитэй хольж иддэггүй. Хоёулаа халуун чанартай хоол. Энэ мэтчилэн хоолны талаар ярьвал их.. Идэж байгаа хоол бидний сэтгэл санаанд яаж нөлөөлж байгаа, алийг нь зохистой хэрэглэх талаар эцэг, эхчүүд өөрсдөө зөв дадалтай байж хүүхдүүд эрүүл хооллож хэвшинэ. Хоолондоо цензуртай баймаар байна.

-Тэгэхээр өвчний тухай ярихдаа хоолны соёлыг эхлээд ойлгуулах болох нь ээ?

-Тийм. Бид буруу хооллолтоос болж өвдөөд байна. Үүнийг ойлгож бас хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Монголчууд дөрвөн улиралдаа зохицуулж хооллодог, байгаль дэлхийгээ шүтдэг эртний уламжлалтай ард түмэн. Ер нь монгол уламжлал, дэг жаяг, үндэсний онцлогоо гээж байгаа болохоор бид сэтгэл санаа,  бие организмын хувьд дархлаагүй болсон. Бид өмнө нь хоолоор дамжуулж хүүхдүүдээ хүмүүжүүлдэг байсан. Жилийн дөрвөн улиралд тохируулж хооллон эрүүл мэнд, байгаль дэхийгээ хайрладаг байсан.


Жишээ нь, хүүхдийн хоолонд давс хэрэглэгдэгүй, амттайгаас эхэлж бус шимтэйгээс нь эхэлж идүүлэн учрыг нь тайлбарлаж ойлгуулдаг байжээ. Манай оронд хорт хавдарын өвчлөлийн тоо ихсэж, залуужиж байна. Иймд бид хооллох соёл, уламжлалаа сэргээх хэрэгтэй.

Манай төрийн бус байгууллага Монгол ёс заншил, уламжлалыг сэргээх зорилгоор 70 ахмад багшийг  сургагч багшаар бэлдсэн. Тэд удахгүй ЕБС-уудад хүн байгалийн хүйн холбоо, хүний амьдралын үнэ цэнэ, байгаль дэлхийн шүтэлцээ, эрүүл амьдрах зарчим,  эерэг хандлага, зөв бодлын талаар хичээл зааж эхэлнэ. Үүнийг энгийнээр тайлбарлавал, хоол идмэгцээ хэвтдэггүй, явган сууж хооллодоггүй, орон дотроо хоол иддэггүйг цээр гэж үздэг. Уур савссан халуун хоол цайг хэрэглэдэггүй. Уур гэж уур хилэнтэй адил сөрөг утгатай нэр өгсөн ба уурыг нь дарж хэрэглэ гэж зөвлөдөг. Зун цагт хонины мах халуун чанартай учраас хэрэглэдэггүй. Биеэ эрүүл байлгая гэвэл энэ мэтчилэн ойлголтуудыг амьдралдаа хэвшүүлэх хэрэгтэй.

-Би уг нь таныг элэг, ходоод, улаан хоолой өвчлүүлж буй вирусын талаар ярих байх гэж бодож байлаа. Та “нийгмийн өвчин”-г хоолтой холбоотой байна.

-Холбохоос өөр аргагүй. Нийгмийн сэтгэл зүй гэдэг бол хоолтой салшгүй холбоотой байдаг. Таргалалт, чихрийн шижин, зүрхний шигдээс, тархины цус харвалт, даралт ихсэлт, хорт хавдрын өвчлөлүүд бүгд хооллолт, амьдралын буруу хэвшилтэй холбоотой. Иймд хувь хүн өөрөө хичээх хэрэгтэй. Агаар усанд ойр байцгаа. Хоол идсэнийхээ дараа алх. Ажлаа төлөвлө. Бусдыг хайрла. Нинжин сэтгэлтэй байгаарай.


    Эрүүл Эрдэнэт хүн жишиг загварыг  Монгол Улсад бий болгохыг хүсч байна 


-Тэгвэл бүх нийтээрээ эрүүл зөв хандлагатай болоё гэвэл хаанаас, юунаас эхлэх вэ ?

- Нийт хүн амаа эрүүл болгохын тулд л бид “Эрүүл Эрдэнэт хүн” аянг хэрэгжүүлж байгаа юм.  Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын дэмжлэгээр энэ ажил эхэлсэн. Гэхдээ бүр 2016 оноос “Элэгний вирусгүй Эрдэнэт хот” аян өрнүүлж вирустай иргэдийг илрүүлж, оношилж, нийт 1200 C вирустай иргэнийг бүрэн эмчилсэн. Элэгний хорт хавдрыг эрт үед нь илрүүлж, элэгний хатууралтай иргэдийг хяналтанд авч бүртгэлжүүлэх ажлыг өрнүүлж байна. Үүнийгээ улам өргөжүүлж 2018 онд “Эрүүл Эрдэнэт хүн” аянг хэрэгжүүлж элэг, ходоод, улаан хоолойн хорт хавдар болон,  сүрьеэ,  бэлгийн замын халдварт өвчинг бууруулах чиглэлээр үзлэг, оношилгоо, эмчилгээ, зөвлөгөө өгч байна. Гэвч энэ хангалттай бус. Яагаад гэвэл, хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл бодол, хандлага буруу байна. Тиймээс бүр уг үндсээр нь буюу хооллох соёл, эрүүл, зөв амьдралын хэв маягаас эхлэх ёстой учир бид ахмад багш нарыг дэмжин ажиллуулж байна. Бидэнд том мөрөөдөл бий.


Орхон аймгаас өвчлөлийг бууруулж болох "Эрүүл Эрдэнэт хүнжишиг загварыг  Монгол Улсад бий болгох.  Яг энэ чиглэлээр үндэсний хэмжээний хэлэлцүүлэг зохион байгуулмаар байна.

Манай аймгийн туршлага, мэдлэгийг олон аймаг хэрэгжүүлж эцэст нь Монгол улс даяараа мөрдөн ажиллаасай гэж хүсч байна.

- Аяны хүрээнд “Эрүүл мэндийг дэмжигч хамт олон” туг аялуулсан байхаа. Үр дүн нь хэр гарч байна? Байгууллагууд ажилтнуудынхаа эрүүл мэндэд хэр анхаарч байна вэ?

-Тэмүүлэлтэй, зорилготой, өөдрөг, эрүүл ажилтан тухайн байгууллагад маш үнэ цэнэтэй гэдгийг бид одоо л ойлгож байна. Өөрөө өөртөө үнэ цэнэтэй байхын тулд хоол нь эрүүл, санаа бодол нь зөв байх ёстой. Өнөөдрийн байдлыг ажиглахад, Монголд 10 хүн тутмын гурав нь л өөрийнхөө эрүүл мэндэд анхаарч байна. Сайн ажилтантай, бүтээмж өндөртэй хамтрагчтай болоё гэвэл тэднийг эрүүл байлгах ёстой. Эрүүл ажилтан танай байгууллагын үнэт капитал болно.

-Элэгний В вирусын гаралтай өвчлөлд залуучууд ихэд өртөх болсон гэж сонссон. Шалтгаан нөхцөл нь юу байна вэ?

-Элэгний өвчлөлийн 90 хувь нь В, С вирусээс болж өвддөг. Энэ вирусын тархалт Монголд маш өндөр. Ялангуяа залуучуудад В вирусын халдвар их байна. Учир нь В вирус С вирусээсээ илүү бэлгийн замаар дамжин халдварлах чадвар өндөртэй буюу ДОХ-с 50 дахин иүү байдаг. Иймд бэлгийн замаар дамжих халдварыг бууруулах чиглэлээр давхар ажиллаж байна. Олон улсад ч ийм жишиг байдаг. Залуучуудын дийлэнх нь эрүүл мэндийн боловсрол, мэдлэггүйгээсээ болж өвдөж бас бусдад тарааж байна. Ямар ч чиглэлийн эмч нар өвчтөн үзэхдээ үзлэгийн 5 минутыг эрүүл зөв амьдрах ухаан, дадал хэвшлийн талаар зөвлөгөө, мэдээлэл өгдөг болвол богино хугацаанд үр дүн гарах боломжтой.

Ер нь бид монгол уламжлал, дэг жаяг, байгаль дэлхийгээсээ холдсноор өвчлөл ихсэж байна. Уламжлалаа л сэргээж хүндлэх ёстой.

-Баярлалаа.


Жич:                                              “ЭРҮҮЛ ЭРДЭНЭТ ХҮН” аяны хүрээнд


1.Элэгний хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх зорилгоор: Эрсдэлт бүлгийн 1000 хүнийг элэгний эхо үзлэг, оношилгоонд хамруулахаас өнөөдрийн байдлаар 600 гаруй хүн хамрагдаад байна. Элэгний хатуурал болон бусад шалтгаант эрсдэл бүхий 196 иргэнийг хяналтад авч үүнээс 25 тохилдол нь хорт хавдарын шинж бүхий үүсгэвэртэй байна.

2.Ходоод, улаан хоолойн хорт хавдарыг эрт үед нь илрүүлэх  зорилгоор: Орхон аймагт 50 –аас дээш насныхан ходоодны хорт хавдараар өвчлөх нь илүү байгаа тул амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой 100 хүнийг ходоод, улаан хоолойн дурангийн үзлэгт  үнэ төлбөргүй хамруулахаас өнөөдрийн байдлаар 60 гаруй хүнийг хамруулжээ. Үүнээс хорт хавдар-1, хорт хавдраар өвдөх эрсдэл бүхий салстын өөрчлөлттэй-5, ходоодны шарх-6, ходоодны хатингиршилтай - 5, Ходоодны үрэвсэлтэй- 28 тохиолдол илэрч эмчийн хяналтад  байна.

3. Уушгиний  сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх зорилгоор:  Амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 500 иргэнийг рентген зурагт хамруулахаас 200 гаруйг нь үзэж, оношилжээ. Үүнээс сэжигтэй 11 тохиолдол илэрч сүрьеэ өвчнөөр 5 хүн өвчилсөнийг тогтоожээ.

4.БЗХӨ-ийг бууруулах зорилгоор: БЗХӨ-өөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн мэдлэгийг сайжруулах зорилгоор: Өсвөр үе, залуучууд, жирэмсэн эхчүүдэд зориулж сургалт зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар 1250 хүн уг сургалтад хамрагдаад байна.            


 

相关新闻