Ерөнхий сайд халз мэтгэлцээний саналыг хүлээн авах хэрэгтэй гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРМонголын Ногоон нам /МНН/-аас УИХ-ын гишүүн О.Баасанхүү Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэтгэлцээнд дуудсан тухайд өөрийн байр суурийг илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.
МНН-ын дарга О.Бум-Ялагч уг мэтгэлцээн нь улстөрчийн бодит нүүр царайг харуулна гэж үзэж байгаа бөгөөд Монгол Улсад дэлхийн жишигт нийцсэн улстөрийн соёлыг хэвшмэл болгоход чухал үүрэг гүйцэтгэнэ гэсэн юм. Мөн “УИХ-ын гишүүн О.Баасанхүү бүрэн эрхийнхээ дагуу хуулийн төслүүд санаачлан Засгийн газраас санал авахаар албан бичгүүдийг тус тус хүргүүлсэн. Гэвч Засгийн газрын Хэрэг эрхлэх газраас тус санаачилсан хуулиудыг хүлээн зөвшөөрөх боломжгүй тухай мэдэгдсэн. Тиймээс мэтгэлцээний саналыг Ерөнхий сайд хүлээн авч, шалтгаанаа тайлбарлах хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ сарын 12-ны өдөр 19.00 цагт Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг халз мэлтгэлцээнд уриад байгаа юм. Хэрэв мэтгэлцээнд илт давуу ялагдвал УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө долоо хоногийн хугацаанд багтаан өгөх аж.
С.Сайнзаяа