Даамчин Б.Мишээл ДАШТ-ий өсвөр насанд мөнгөн медаль хүртлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-11-04 14:41:05

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Зуун буудалт даамын өсвөр, залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үндсэн төрлийн охидын ахлах нас буюу кадетын ангилалд өрсөлдсөн Баярын Мишээл 6 хожиж, 2 тэнцэн, 1 хожигдож, нийт 14 оноогоор мөнгөн медаль хүртлээ.


Беларусь улсын Гомель хотноо 10 дугаар сарын 28-наас 11 дүгээр сарын 3-нд болсон тус тэмцээнд Монгол Улсаас 24 тамирчин өрсөлдөж, блиц төрөлд Б.Есүй аваргалсан билээ. Спортын мастер Б.Мишээлийн хувьд ОХУ-ын О.Балуковатай адилхан оноотой гарсан ч нэмэлт үзүүлэлт буюу коэффициентийн зөрүүгээр ард нь бичигджээ. Тэрбээр өмнө нь 2016 онд Туркийн Измирт болсон өсвөрийн ДАШТ-ий блиц төрлөөс хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний охидын 8-10 насны ангилалд гараанаас эхлэн тэргүүлсэн Б.Есүй есдүгээр тавилдаа Беларусийн тамирчинд харамсалтайгаар хожигдон, коэффициент тоолоход IV байр эзэллээ.




Мөн охидын 11-13 насанд Б.Лхагвадолгор сүүлийн учраа Хятадын тамирчинтай тэнцэж, V байрт шалгарсан бөгөөд хожсон бол хүрэл медаль хүртэх байв. Хөвгүүдээс хамгийн өндөр амжилтыг 14-16 насанд М.Лувсандорж үзүүлж, V байр эзэлсэн байна.


Ийнхүү манай улс 1 алт, 1 мөнгөн медаль хүртсэн амжилтаар багийн дүнгээр  VI байранд шалгарлаа. Монголын баг тамирчдыг Олон улсын их мастер Р.Манлай, Г.Ганжаргал нар удирдан оролцсон юм.

相关新闻