Соёлын төв 20 гаруй төрлийн дугуйлан хичээллүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-11-01 11:42:35
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Алслагдсан багийн хүүхдүүдийг соёл, урлагаар хүмүүжүүлэх, соён гэгээрүүлэх зорилготой дугуйлангууд “Баянцагаан” соёлын төвд хичээллэж байна. Тодруулбал, уг төвд гитар, бүжиг, гоцлол дуу, шатар, даам, даралтат хөгжим, гар зураг, хийн дасгал, морин хуур гээд 20 гаруй төрлийн дугуйлан сарын 10 мянган төгрөгийн төлбөртэй долоо хоногт гурван удаа хичээллэж байна.

Тус баг 1300 гаруй өрхтэй, нэг сургууль, нэг цэцэрлэгтэй  тул соёл урлагийн арга хэмжээг  зөвхөн соёлын төвөөрөө дамжуулан хүргэдэг байна. Соёлын төвөө засч, техник, тоног төхөөрөмжөө сайжруулж, засвар үйлчилгээ хийсний дараа дугуйлангаа эхлүүлсэн гэж тус төвийн эрхлэгч хэлж байна. Мөн энэ жил заалныхаа шалыг 12 сая төгрөгөөр засжээ.  

Орхон аймгийн таван багт таван соёлын төв байдаг. Үүнээс “Баянцагаан”, “Эгшиглэн” соёлын төв хүүхэд, залууст зориулсан үйл ажиллагааг тогтмол зохион байгуулдаг байна. Харин бусад нь зөвхөн баяр ёслолын үеэр ажилладаг гэж иргэд шүүмжилж байна.  

相关新闻