Шинжилгээнд хамрагдсан нийт үхрийн 1. 6 хувь нь бруцеллёзтай байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Малаас хүнд халдварладаг бруцеллёз өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ, Мал эмнэлэгүүдтэй хамтран 4500 үхрээс цусны шинжилгээ авчээ. Цусны дээжийг ХХААГ-ын Мал эмнэлгийн лабораторид шинжлүүлэхэд 76 үхрээс бруцеллёз илэрсэн байна. Энэ нь шинжилгээнд хамрагдсан 4500 үхрийн 1.6 хувь нь гэсэн үг юм.
Цусны шинжилгээ авч тандалт
судалгаа хийх ажилд орон нутгаас 10 сая төгрөг төсөвлөжээ.
Баян-Өндөр сум дээрх тандалт судалгааг 2013,
2014 онд бог болон бод маланд хийж байсан бөгөөд тухайн үед бруцеллёз өвчин 0.6 хувь гарч байсан бол энэ жил 1.6 болж
өссөн байна.
Бруцеллёз нь малаас малд,
малаас хүнд халдварладаг ужиг явцтай халдварт өвчин юм. Ялангуяа бруцеллёзоор
өвчилсөн хүн оношилгоо эмчилгээг цаг алдалгүй хийлгэхгүй бол бүхий л
амьдралынхаа туршид тахир дутуу болдог байна. Мөн бруцеллёзтой малын үр төлийн
ашиг шим үлэмж хэмжээгээр буурдгаас гадна хүнсний аюулгүй байдал
алдагддаг ажээ. Тиймээс тус өвчнөөс
урьдчилан сэргийлэхийн тулд малын шилжилт хөдөлгөөнд хяналт тавих, малчид малаа
дур мэдэн хээлтүүлэхгүй байхад орон нутгийн бодлого чиглэх ёстой гэж мэргэжлийн
байгууллага үзэж байна.
Б.Оюун-Эрдэнэ