Хичээлийн бус сургалтуудыг 20 цагаас хэтрүүлэхгүй байх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-30 17:33:44

Өвөрхангай /МОНЦАМЭ/.  Аймгийн хэлтэс, албадын дарга нарын шуурхай хурал өнөөдөр болж, боловсролын салбарын хэд хэдэн асуудлыг хөндлөө.

Тухайлбал, Арвайхээр сумын 2 дугаар сургуулийн бага ангийн нэгэн багш харилцааны соёлгүй, хүүхдүүдийг загнах, хана мөргүүлж зодох дарамтыг удаа дараа үзүүлж байгаа гэх мэдээллийг эцэг, эхчүүдээс аймгийн МШУТ-д ирүүлсэн байна. Уг асуудлыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газар, 2 дугаар сургуулийн захиргаанд уламжилж, мэдээллийг шалган арга хэмжээ авахыг даалгалаа.

Мөн ерөнхий боловсролын сургуулиудын дугуйлан, секцүүд болон сургалтын төвүүд оройн цагаар хичээллэж байгаа тухай иргэдийн шүүмжлэлийн дагуу тодорхой шийдвэрийг гаргасан юм. Арвайхээр суманд хичээлээс гадуур 62 төрлийн сургалт долоо хоногийн турш 9-22 цагийн хооронд явагддаг аж. Өвлийн улирал эхэлж байгаатай холбогдуулан аймгийн Боловсрол, соёл урлагийн газраас хичээлийн бус сургалтуудыг оройн 20 цагаас хэтрүүлэхгүй байх арга хэмжээг авч байгаа юм.

Түүнчлэн сурагчдын ухаалаг утасны хэрэглээг багасгах, эцэг эхүүдийг хичээлийн бус цагаар хүүхдүүддээ хяналт тавих боломжийг нээх, хүүхэд хамгааллыг бэхжүүлэх зорилгоор ЕБС-иуд дээр “Нээлттэй утас” ажиллуулж эхлээд байгааг аймгийн БСУГ-аас хурлын үеэр мэдээллээ.

Б.Батчимэг

相关新闻