Онгоцтойн амны гүүрийг ирэх онд улсын төсвөөр бүрэн шинэчлэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-29 21:59:08

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Бат-Өлзий сумын Орхон голын Онгоцтойн амны гүүрийг ирэх онд бүрэн шинэчлэхээр улсын төсөвт хөрөнгийг шийдвэрлээд байна.

Улсын төсвийн 10 орчим тэрбум төгрөгөөр 210 метр урттай төмөр бетон гүүрийг 2019 оны эхэн үеэр барьж эхлэх юм. Зам, тээврийн хөгжлийн яамнаас шинэ гүүрний геодезийн зураг төслийг хийж, хуучин гүүрнээс 30 метрийн зайтай барихаар болжээ.

Онгоцтойн амны 105 метр урттай хуучин модон гүүр нь 1971 онд ашиглалтад орсон бөгөөд 1993, 1997, 2004, 2009, 2014 онуудад засвар хийсэн ч жилд 35-50 мянган гадаад, дотоодын жуулчин, Бат-Өлзий сумын гурван багийн 600 өрхийн 3000 гаруй иргэд дамжин өнгөрдөг учраас эвдрэл ихтэй байсаар байгаа юм. Гүүрний шал эвдэрч, гол тулгуур хазайж, даац авах боломжгүй болсон учраас Мэргэжлийн хяналтын газар, ажлын хэсгүүдийн дүгнэлт гарч, тээврийн хэрэгслээр зорчихыг хориглон сум орон нутгаас анхааруулга, сэрэмжлүүлгийг өгсөөр байхад иргэд тус гүүрээр нэвтэрч, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөө эрсдэлтэй байдалд оруулж байна.

Саяхан тус гүүрээр ачааны машин зорчих үед нурсан бөгөөд азаар хүний нас, эрүүл мэндэд хохирол учирсангүй. Энэ талаар сумын Засаг дарга М.Жамъяншараваас тодруулахад “Ойн нөхөрлөлийн машинууд мод зөөж, гүүрээр гараад байгаа. Тэр өдөр гурван том тэрэг гарч, сүүлийн машин гарах үед гүүр нурсан байна. Бид гүүрэнд хашилга хийж, нарийсгаад зөвхөн мотоцикль гарах л зай үлдээхээр ажиллаж байна” гэв.

Б.Батчимэг

相关新闻