"Хонгорчууд халдварт өвчний эсрэг хамтдаа" аян эхэллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОРБаянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор
аймагт “Хонгорчууд
халдварт өвчний эсрэг хамтдаа” гурван сарын аян эхэллээ.
Аяны нээлтийн хүрээнд бүх нийтийн Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг
шинжилгээг аймгийн Нэгдсэн эмнэлгийн 100 орчим эмч сувилагч нар гардан явуулж, ЭМГ-ын мэргэжилтнүүд хөтөч,
зөвлөхийн үүрэг хүлээн ажиллаж байна. Аймгийн Хөгжимт Драмын театрт болж буй
тус арга хэмжээгээр ард иргэдийн
дунд зонхилон тохиолдох зургаан төрлийн өвчний үзлэг шинжилгээг үнэ
төлбөргүй хийж байгаа юм.
Баянхонгор аймагт эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр сүүлийн жилүүдэд халдварт өвчний тархалт буурахгүй байгаа нь хүн амын дунд тулгамдсан асуудлын нэг болсныг илтгэж буй. Тиймээс уг асуудлыг бодлогын түвшинд анхаарч зөв оновчтой байдлаар нэгдсэн ажил арга хэмжээг зохион байгуулах нь зүйтэй гэж аймгийн удирдлагууд үзжээ.
Тус аянд Баянхонгор аймгийн 18-65, 65-аас дээш насны иргэд хамрагдах ба
эрүүл мэндийн даатгал төлсөн эсхээс үл хамаарч бүх иргэдийг үзлэг оношлогоо,
эмчилгээнд хамруулах зорьжээ.
Өнөөгийн байдлаар 13 мянган хүн эрүүл мэндийн даатгал төлдөггүй, үүнээсээ шалтгаалж үзлэг оношлогоо, эмчилгээнд хамрагдаж чаддаггүй гэсэн судалгаа гарчээ. Аяны хүрээнд тэдгээр иргэдийн үзлэг, оношлогоо, эмчилгээний
төлбөр, багаж тоног төхөөрөмжийн үнэ өртгийг аймаг орон нутгаас, тодруулбал эрүүл мэндийн даатгалын сан, орон нутгийн төсвийн
хөрөнгөөс санхүүжүүлэн явуулах аж.
Аймгийн хэмжээнд бэлгийн замын өвчлөлөөр сүүлийн жилүүдэд улсын дунджаас дээгүүр, сүрьеэ өвчний гаралт ч өндөртэй хувьтай байна. Энэ нь илрүүлэг нэг талдаа сайн байгааг харуулж байгаа ч нөгөө талдаа өвчлөл буурахгүй байгааг харуулж байгаа талаар мэргэжилтнүүд хэлж буй.
Төрөөс их хэмжээний зардал
болгож иргэдийнхээ эрүүл мэндийн төлөө хийж буй энэ ажил арга хэмжээнд
оролцолгүй хоцрогдсон иргэдийг цагдаагийн байгууллагаар албадан авчруулж, үзэж оношлох ба хэрэв өвчтэй нь тогтоогдвол тухайн иргэн
зардлаа өөрөө хариуцаж заавал эмчлүүлэх шаардлагыг тавьж буй.