Шинэ цэвэрлэх байгууламж ирэх сард ашиглалтад орно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-22 12:41:22

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас Азийн хөгжлийн банктай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд Өвөрхангай, Архангай, Өмнөговь, Дорноговь аймгийн төвийн цэвэрлэх байгууламжуудыг 19.5 сая ам долларын зээлээр шинэчилж байгаа билээ.

Өвөрхангай аймгийн төв Арвайхээр хотод 9.7 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж байгаа,  хоногт 3000-6000 м3 бохирыг цэвэрлэх, шүүх хүчин чадалтай цэвэрлэх байгууламж ирэх сард ашиглалтад орно. Ингэснээр 50 мянган өрх айлын хэрэгцээг хангаад зогсохгүй, 90 гаруй хувийн цэвэршилттэй ус гаргаж, үүгээр ногооны талбайн усжуулалтыг шийдвэрлэхээр төлөвлөж байна. Мөн лагийг хатааж бордоо болгох, түлшинд хэрэглэх боломжийг судалж байгаа аж.

Цэвэрлэх байгууламжийн ажлыг “Конфорт Импекст” ХХК гүйцэтгэж байгаа бөгөөд 2019 онд ашиглалтад орох ёстой ч орон нутгийн иргэдийг ажлын байраар ханган ажилласнаар таван сарын хугацаанд дуусгаж байгаа гэдгийг компанийн ерөнхий захирал Ө.Пүрэвбаатар хэллээ.  Сүүлийн жилүүдэд Арвайхээр хотод хүн ам нэгэмдсэн байна. Суурьшил нэммэгдсэнээр 2015 оноос хойш найман тэрбум төгрөгийн бүтээн байгуулалтууд өрнөж, 1236 айлын орон сууц ашиглалтад оров.

Үүний улмаас хуучин цэвэрлэх байгууламж ачааллаа дийлэхгүй, эрүүл ахуйн шаардлага хангахгүй байгаа юм. Одоо ашиглаж байгаа энэ цэвэрлэх байгууламж нь  1970-аад онд ашиглалтад орсон, хоногт 600-1000 куб метр цэвэр, бохир усыг дамжуулж, зайлуулах хүчин чадалтай аж.

Б.Батчимэг

相关新闻