Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын баг тамирчдаас 50 жилийн тэртээ буюу 1968 оны Мехикогийн зуны олимпийн наадмаас анхны медалийг чөлөөт бөхийн спортоор авсан бөгөөд Мексикийн нийслэлд манай бөхчүүдээс нэг мөнгө, 3 хүрэл медальтан төрсөн билээ.
Харин үүнээс хойш 24 жилийн дараа 1992 оны Барселоны зуны олимпийн наадмаас буудлага спортын төрлөөр Доржсүрэнгийн Мөнхбаяр хүрэл медаль хүртсэн амжилтаараа Монгол Улсаас төрсөн анхны медальтан эмэгтэй тамирчин болсон түүхтэй.
“Монголоо алдаршуулсан олимпийн баатрууд” цувралын 12 дахь олимпийн медальтнаар тодорсон “Барселон-1992” олимпийн хүрэл медальт, гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаярын тухай нийтлэлээ толилуулж байна.
12. 1992 Барселон Д.Мөнхбаяр
Монголын олимпийн хос хүрэл медальт анхны эмэгтэй тамирчин
“Барселон-1992” зуны XXY, “Бээжин-2008” зуны XXIX олимпийн наадмаас буудлагын спорт /гар бууны 25 метрийн дасгал/-оор тус тус хүрэл медаль хүртсэн Доржсүрэнгийн Мөнхбаяр нь 1969 оны долдугаар сарын 16-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод төрсөн. 1987 онд нийслэлийн нэгдүгээр дунд сугуулийн 10 дугаар ангийг төгссөн юм.
Тэрбээр 1997 онд Испани улсын Барселон хотноо болсон буудлагын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хувийн дүнгээр алт, багаараа хүрэл медалийн эзэн болж байжээ. Монгол эмэгтэйчүүдээс анх удаа олимпийн медальтан болж 1992 оны Барселоны олимпийн наадмаас тодорсон бол 2008 оны Бээжингийн олимпийн наадмаас дахин хүрэл медаль хүртсэн амжилтаараа олимпийн медальтан анхны Монгол эмэгтэй болсон түүхийг бичсэн шилдэг тамирчин билээ. Тиймээ, Бээжингийн олимпоос хүрэл медаль хүртсэн буудлага спортын тамирчин бол Монгол Улсын гавьяат тамирчин Герман улсын шигшээ багийн гишүүн Доржсүрэнгийн Мөнхбаяр байсан юм.
Д.Мөнхбаяр, 1998 онд Олон улсын буудлагын спортын холбооны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 10 метрийн гар бууны дасгалд алт, 2002 онд 25 метрийн дасгалд алтан медаль тус тус хүртсэн Дэлхийн хошой аварга, мөн 2009 оны Дэлхийн цомын шигшээ тэмцээний аваргын алтан медальтан юм.
Олимпийн хос хүрэл медальт, олимпийн наадамд 6 удаа оролцсон монгол бүсгүй Д.Мөнхбаяр олимпийн наадмаас Монголынхоо эмэгтэй тамирчдын салхийг хагалсан түүхт 25 жилийн ойн баяраа өнгөрсөн жил эх орондоо ирж тэмдэглэсэн юм. Тэрбээр, 2017 оны есдүгээр сарын 17-нд “Барселон-1992” олимпийн наадмаас хүрэл медаль хүртсэн 25 жилийн ойн хүрээнд Д.Мөнхбаярын санаачил дэлхийн шилдэг мэргэн буудагч, олимп, дэлхийн аварга алдартай тамирчдын халз тэмцээнийг Улаанбаатар хотноо зохион байгуулсан билээ.
Буудлага спортын Аварга клубт зохион байгуулсан “Олимп, дэлхийн аваргуудын нөхөрсөг халз тулаан”-д Д.Мөнхбаяр 192 оноогоор түрүүлж, Сербийн буудагч олимп, дэлхийн аварга Я.Секарич, Монголын буудагч ОУХМ Ц.Мөнхзул нар 191 оноогоор хоёр, гуравдугаар байрт шалгарсан билээ.
Энэхүү тэмцээнд олимпийн хошой алт, гурван хүрэл медальт, дэлхийн хошой аварга Болгарын Мария Гроздева, олимпийн алт, хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Гүржийн Нино Салуквадзе, олимпийн аварга, олимпийн гурван мөнгө, нэг хүрэл медальт Сербийн Ясна Секарич, олимпийн хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга Д.Мөнхбаяр, олимпийн наадмын мөнгөн медальт, Хөдөлмөрийн баатар О.Гүндэгмаа нар ур чадвараа сорьсон нь тэмцээнийг тун сонирхолтой, бас өрсөлдөөнтэй болгосон юм.
Соёлт хүн төрөлхтөний үнэт зүйл болсон Олимпийн наадмын анхдагч 9 спортын төрлийн нэг болох буудлага спортын төрлөөр Олимпийн наадам болон тив дэлхийн хэмжээний олон томоохон тэмцээний зогсоол дээр, галын шугамд мөр зэрэгцэн өрсөлдөж, цэц мэргээ сорин, олимп дэлхийн аваргын тэмцээний алт, мөнгө, хүрэл медалийн төлөө 1992-2016 онуудад буюу 30 шахам жилийн турш өөрөөр хэлбэл нэгэн зууныг дамнан ширүүн өрсөлдөөнийг үзүүлж ирсэн, буудлага спортын дэлхийн одод энэ өдрүүдэд манай улсад хүрэлцэн ирсэн анхны тохиолдол болж түүхэнд бичигдсэн юм.
Энэхүү түүхт ойн хүрээнд "30 жилийн өрсөлдөөн, 30 жилийн нөхөрлөл" уулзалт ярилцлага зохион байгуулсан бөгөөд "My Way with Olympic Legends" буюу "Олимпийн домгуудтай туулсан миний замнал" нэртэй үзэсгэлэнг "Блью Мон" галлерейд олон нийтэд толилуулж байсан юм.
Д.Мөнхбаяр 1992 онд “Барселон-92” олимпийн наадамд оролцох эрхээ анх удаа авсан бөгөөд 23 насандаа тэр анхлан оролцсон энэ олимпоос спорт гар бууны 25 метрийн зайн төрөлд хүрэл медаль хүртсэн бол 16 жилийн дараа буюу 2008 онд 39 насандаа БНХАУ-ын “Бээжин-2008” олимпийн наадмаас дахин энэ төрөлдөө хүрэл медаль хүртэж, олимпийн хос медальтан болсон билээ.
МУГТ Д.Мөнхбаяр 1992 оны Барселон, 1996 оны Атланта, 2000 оны Сиднейн олимпийн наадмуудад Монгол Улсынхаа нэрийн өмнөөс, 2004 оны Афин, 2008 оны Бээжин, 2012 оны Лондонгийн олимпийн наадмуудад ХБНГУ-ын нэрийн өмнөөс цэц мэргэнээ сорьж нийтдээ зургаан олимпийн наадамд оролцсон дэлхийн тоотой хэдхэн тамирчдын нэг юм. Тэрбээр 2002 онд Герман улсын иргэн болж, 2013 оны 6 дугаар сард эргэн Монгол Улсын иргэншлээ сэргээх хүсэлтээ албан ёсоор өгсөн ч татгалзсан хариу авсан байна.
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын гаргасан амжилтуудыг дурдвал: ДАШТ-ээс ганцаарчилсан төрөлд 2 алт, 1 хүрэл, багийн төрөлд 2 хүрэл, Дэлхийн цомын тэмцээний шигшээ тэмцээнээс 3 мөнгө, 1 хүрэл, Дэлхийн цомын АШТ-ээс 6 алт, 2 мөнгө, 3 хүрэл медаль, Европ тивийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд 1 алт, 2 мөнгө, 1 хүрэл медаль, багийн төрөлд 2 алтан медаль, Азийн АШТ-ээс ганцаарчилсан төрөлд 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль, багийн төрөлд 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртэж байжээ.
Монгол Улсын гавьяат тамирчин Доржсүрэнгийн Мөнхбаяр Монгол Улс, ХБНГУ-ын нэрийн өмнөөс тус бүр нэг удаа олимпийн наадмаас хүрэл медаль, мөн ДАШТ-ээс тус бүр аваргын алтан медаль хүртэж алдраа дуудуулсан содон түүхтэй тамирчин юм.
Германд амьдарч байгаа Д.Мөнхбаяр гавьяатад “Рио-2016” олимпийн дараа Энэтхэг улсаас залуучуудын шигшээ багаа дасгалжуулах хүсэлт тавьжээ. Тэрбээр уг саналыг хүлээж аван, 2020 оны Токиогийн олимп хүртэл Энэтхэгийн мэргэн буучдыг дасгалжуулахаар болсон юм.
Индонез улсад болсон “Жакарта-Палембан-2018” Азийн XYIII спортын наадамд оролцож байгаа Энэтхэг улсын буудлага спортын тамирчдаас нэгэн залуухан эмэгтэй тамирчин урт бууны 50 метрийн төрөлд аварга болж, эх орондоо энэ төрлөөр эмэгтэйчүүдийн ангилалд анхны алтан медалийг авчирсан билээ.
Энэтхэгийн анхдагч болсон мэргэн бууч Рахи Сарнобат хэмээх тамирчны дасгалжуулагч багш нь олимпийн наадмын хошой хүрэл медальт, дэлхийн хошой аварга, Монгол Улсын гавьяат тамирчин Д.Мөнхбаяр байсан юм.