“Эрдэнэт үйлдвэр” ХХК техникийн шинэчлэл хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2018-10-10 10:06:33
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/ Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн хэмжээнд хэрэгжүүлж буй техникийн шинэчлэлийн хүрээнд "Комацу Д-275" маркийн 50 тоннын хүчин чадалтай бульдозерийг ил уурхайд хүлээн авах ёслол боллоо.  Комацу Д-275 маркийн бульдозерийг  ил уурхайн зам овоолгын хэсэгт ашиглана. 2018 онд ил уурхайд гурван шинэ техникийг нэвтрүүлэхээр  төлөвлөсний түрүүч нь ийнхүү бэлэн болжээ.  Шинэ бульдозер нэмэгдсэнээр зам овоолгын ажил саадгүй, хэвийн үргэлжлэх ажээ.

Уг бульдозерийг "Комацу" фирмийн албан ёсны дистрибютер "Транс Вест Монголия" компани хамтын ажиллагааны гэрээний дагуу Эрдэнэт үйлдвэр” ХХК-д нийлүүлсэн байна. "Транс Вест Монголия" компани нь тус үйлдвэртэй  2013 оноос эхлэн хамтран ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн онд "Комацу" брэндийн гурван шинэ техник хүлээлгэн өгчээ. Энэ удаа нийлүүлж буй техник нь 2018 оны шинэ загвар юм.

Уг бульдозерын техникийн бүх үзүүлэлтийг хиймэл дагуулын хяналтын системээр цахим орчинтой бүхий л газраас орж, шалгах боломжтой. Ингэснээр хөдөлгүүр дээр гарч буй бүх алдааны код, түлш зарцуулалт, техникийн бүтээмжийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг хиймэл дагуулын хяналтын системийн тусламжтайгаар авч болох аж.

Мөн хамгийн сүүлийн үеийн шингэн галын хөөсний системийг суурилуулсан байна. Энэ нь уг техникийн галын аюулын эрсдэл, операторын аюулгүй байдлыг хангах  давуу талтай юм. Үйлчилгээний туслах материалуудыг гэрээний хүрээнд нийлүүлж байгаа аж.

Б.Оюун-Эрдэнэ 

相关新闻