Рентген шинэ дижитал аппаратаар үнэ төлбөргүй оношилгоо хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОНОрхон/МОНЦАМЭ/ Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн дижитал рентген аппаратаар долоо хоногт дунджаар 300 гаруй хүн үйлчлүүлж байна.
Аппаратыг 2017 онд орон нутгийн төсвийн 200 сая төгрөгөөр худалдан авчээ. Дижилтал аппарат нь цээжний зургийг өндөр нарийвчлалтай гаргахаас гадна нэгэн зэрэг зургаан зураг хэвлэх боломжтой. Энэ нь эмч, мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөх, бүтээмжийг дээшлүүлэх, оношилгоог зөв хийх, цацраг туяаны хор бага зэрэг олон давуу талтай ажээ.
Мөн дижитал зургийг удаан хугацаагаар
хадгалах боломжтой тул өмнөх болон дараагийн зурагтай харьцуулж болох аж.
БОЭТ-ийн рентген аппарат нь өмнө нь эвдэрсэн байсан тул
иргэд хувийн эмнэлэг болон Улаанбаатар хот руу очиж цээжний зургаа авахуулдаг байжээ.
Харин эдүгээ үнэ төлбөргүй, эрүүл мэндийн даатгалаараа үйлчлүүлж байна.
Уг аппаратаар одоо зорилтот бүлгийн 500 гаруй хүнээс
уушгины сүрьеэ өвчин илрүүлэх зорилгоор цээжний зургийг авч буй. Одоогийн байдлаар үүнд 180 хүн хамрагдсанаас уушгины сүрьеэтэй зургаан хүн илэрчээ.
Б.Оюун-Эрдэнэ