Хүнсний ногооны 70 хувийг орон нутагтаа үйлдвэрлэх төлөвлөгөөтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-10-05 16:01:10

Завхан/МОНЦАМЭ/.Завхан аймгийн хэмжээнд төмс 171 га-гаас 1631 тонн, хүнсний ногоо 102 га-гаас 952 тонн ургац тус тус хураан авчээ. Ургац хураалтын мэдээ эцэслэн гараагүй байна.

Завхан аймаг 2017 онд 2317,2 тн төмс, 1269,4 тн хүнсний ногоо хураан авч хүн амынхаа хэрэгцээт төмсний 69,5 хувь, хүнсний ногооны 26,6 хувийг хангаж байжээ. Газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, усалгаатай тариалангийн талбайг нэмэгдүүлэх зорилгоор энэ онд аймгийн хэмжээнд газар тариалангийн үйлдвэрлэл эрхлэгчдийг бодлогоор дэмжиж, газар тариалангийн үйлдвэрлэлийг нэмэгдүүлж ажилласнаар аймгийн хүн амын хэрэгцээт гурилын 30 хувь, төмс хүнсний ногооны 70-аас доошгүй хувийг орон нутагтаа үйлдвэрлэхээр төлөвлөөд байгаа тухай аймгийн ХХААГ-аас мэдээллээ. Газар тариалангийн үйлдвэрллийг бодлогоор дэмжиж буй тул орон нутагт энэ салбарт ажиллах хүний тоо ч эрс нэмэгджээ.

Өнгөрсөн сард Улаанбаатар хотноо болсон "Эрүүл Монгол Хүнс 2018", "Алтан намар" үзэсгэлэн худалдаанд Завханы таван аж ахуйн нэгж амжилттай оролцсон бөгөөд Улиастай, Алдархаан, Тосонцэнгэл сумаас таван аж ахуйн нэгж, хоёр иргэн нийт 39 нэр төрлийн бүтээгдэхүүнээр оролцсон байна.

Үзэсгэлэн худалдаанд оролцсон иргэн, аж ахуйн нэгжүүд нийт 16.6 сая төгрөгийн борлуулалт хийсэн аж. Тосонцэнгэл сумын иргэн Ж.Сосорбарам  эмийн ургамлын суулгац, байгалийн жимс тарьж ургуулсан төрөлд "Шилдэг жимсчин" өргөмжлөл хүртэж  байв.



                                                                                                                                                                                                                     Б.Мягмарсүрэн 

相关新闻