Багш нар хөдөлмөр бүтээлээ үнэлүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Дэлхийн багш нарын 24 дэх өдөр, Монголын багш нарын 52 дахь өдөр тохиож байна. Өвөрхангай аймгийн багш, сурган хүмүүжүүлэгчид баярын хурлаа зохион байгуулж, ажил үйлс, амжилт бүтээлээ үнэлүүллээ. Аймгийн төрийн болон төрийн бус өмчийн 43 цэцэрлэгт 10000 гаруй бяцхан үрс, ерөнхий боловсролын 30 сургуульд 22000 хүүхдүүд суралцаж байгаа ба тэднийг мэдлэг, боловсролтой, зөв хүмүүжил, төлөвшилтэй, эх оронч үзэл, үндэсний бахархалтай, дэлхийд өрсөлдөх чадвартай Монгол иргэн болгон өсгөж хөгжүүлэхийн төлөө 2800 гаруй эрдэмтэн багш, сурган хүмүүжүүлэгчид бие сэтгэлээ чилээн ажиллаж байгаа юм.
Багш нарын баярын хуралд аймгийн удирдлагууд оролцон баяр хүргэж, төрийн одон медаль болон орон нутгийн шагналуудыг гардууллаа. Аймгийн Засаг дарга Г.Ганболд, “Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-т боловсролын салбарт чиглэсэн олон томоохон зорилт, арга хэмжээ төлөвлөснөөс гурван жилийн хугацаанд 80 гаруй хувийг хэрэгжүүлээд байна. Улсын болон орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтуудын дийлэнх хувь нь энэ салбарт шингэдэг. Бид багш нар, хүүхэд багачуудаа аль болох ая тухтай орчинд суралцах, ажиллах боломжоор хангахын төлөө анхаарч байгаа” гэв.
Баярын хурлаар төрийн дээд “Алтан гадас” одонгоор Арвайхээр сумын нэгдүгээр сургуулийн багш Д.Цэцэгмаа, цэцэрлэг, бага сургуулийн цогцолборын захирал Н.Алтанцэцэг, Гучин-Ус сумын сургуулийн өмнөх боловсролын ахмад ажилтан Ц.Даваа, Баянгол сумын ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Х.Дамба нар шагнуулсан. Мөн “Хөдөлмөрийн хүндэт медаль”, “Боловсролын тэргүүний ажилтан” цол тэмдэг, орон нутгийн шагналуудаар нэр бүхий хүмүүсийг шагнан урамшуулав.
Б.Батчимэг