Өвөрхангайд 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт өрнөж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Энэ жил Өвөрхангай аймагт улсын болон орон нутгийн төсөв хөрөнгө, олон улсын төсөл хөтөлбөрөөр 30 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, их засварын ажил өрнөж байна.
Энэ нь урд өмнөх жилүүдэд хийгдэж байгаагүй хамгийн их хөрөнгө оруулалт гэдгийг аймгийн Засаг дарга Г.Ганболд онцолж, аймгаас УИХ-д сонгогдсон гурван гишүүний идэвх зүтгэл маш их байгааг дурдав. Аймгийн хэмжээнд сургууль, цэцэрлэг, соёлын төвийн 20 барилга шинээр баригдаж, гурван гүүр шинээр ашиглалтад орж, Арвайхээрийн төвд 6,5 км замыг шинээр барьж байгаа юм.
Мөн Азийн Хөгжлийн банкны “Зүүн өмнөд говийн хот байгуулалт, хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн “L3388 – MON” төслийн санхүүжилтээр 50 мянган хүний хэрэгцээнд тохирсон 3000 шоо метр бохир ус цэвэрлэх хүчин чадалтай цэвэрлэх байгууламжийг Арвайхээрт байгуулж байна.
Тус бүтээн байгуулалт хийгдсэнээр “Шинэ Арвайхээр” бүс төлөвлөгөөний дагуу хөгжих боломжтой болно. Бүтээн байгуулалтын ажлууд ирэх 11 сард бүрэн дуусна.
Б.Батчимэг