Цагдаагийн алба хаагчид "Яг түүн шиг" шоунд оролцжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь /МОНЦАМЭ/.Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Мөрдөн байцаах тасгийн нэрэмжит сарын аяны хүрээнд цагдаагийн ажилтнуудын дунд "Яг түүн шиг" шоу тоглолтыг зохион байгуулав.
Арга хэмжээнд нэг хэлтэс, 11 тасгийн алба хаагчид оролцсоноос Монгол Улсын гавьяат жүжигчин, "Чингис хаан" хамтлагийн ахлагч Жаргалсайханыг дуурайж дуулсан мөрдөгч, цагдаагийн ахмад Ц.Мөнхдэлгэр яг түүн шиг байж тэргүүн байрт шалгарчээ.
Мөн "Хар сарнай" хамтлагийн ахлагч С.Амармандахыг дуурайж гадаад дүр,төрхөөрөө яг түүн шиг байж чадсан Цогтцэций сумын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер цагдаагийн ахлах дэслэгч Г.Баяржаргал шилдэг дүрийн шагналыг хүртэв.
"Камертон" хамтлагийн ахлагч Б.Болдыг дуурайж дуу хоолойгоороо яг түүн шиг байж чадсан холбооны инженер цагдаагийн ахмад С.Батцэнгэл шилдэг дуучин шагналын эзэн болсон байна. Ард иргэдийнээ аюулгүй байдал, амар тайван амьдралын төлөө цаг наргүй ажилладаг тэд ийнхүү авъяас билгээ сорин өрсөлдсөн байна.
Д.Мишигсүрэн