Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бид өөрчлөгчид” форум болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-02 14:44:19

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх, оролцоо, хөгжлийг дэмжих” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Бид өөрчлөгчид” нөлөөллийн арга хэмжээ Арвайхээр хотноо боллоо.

ХНХЯ, Финландын “Флоб” Олон улсын байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газар, Өвөрхангай аймгийн ЗДТГ, ХХҮГ, Монголын Тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо хамтран зохион байгуулсан арга хэмжээгээр төрийн болон төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хамтын ажиллагааг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд бэхжүүлэх, уялдаа холбоог сайжруулах тухай ярилцсан юм.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд тэгш оролцох, хөдөлмөрлөх эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтаас ангид байлгах, эрүүл мэнд, боловсрол, халамжийн үйлчилгээг хүндрэлгүйгээр авах боломжийг хэрхэн хангах талаар аймгийн ЗДТГ, ХХҮГ, ГБХЗХГ, Нийгмийн бодлогын хэлтэс зэрэг байгууллагын төлөөллүүд санал бодлоо илэрхийлэв.

Аймгийн хэмжээнд 25-аас дээш ажилтантай 94 аж ахуйн нэгж, байгууллага буйгаас төсвийн 79, хувийн 10 гаруй байгууллага бүртгэгдсэн байна. Үүнд 185 хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой ч 42 байгууллагад 10 гаруй иргэн ажиллаж буй.

Хэдийгээр 25-аас дээш ажилтантай байгууллага бүр хөгжлийн бэрхшээлтэй иргэн авч ажиллуулахыг хуульчилсан ч хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн идэвх оролцоог сайжруулж, дуу хоолойгоо нийгэмд хүргэхгүй л бол тэдний өмнөөс асуудлыг шийддэг байгууллага байхгүй гэдгийг зохион байгуулагчид онцлон сануулж байлаа. Тиймээс өнөөдрөөс эхлэн маргаашийнхаа амьдралыг бүтээе гэсэн уриан дор энэхүү нөлөөллийн арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаа аж.


Өвөрхангай аймагт хөдөлмөрийн насны хөгжлийн бэрхшээлтэй 3680 хүн бий. Үүнээс хөдөлмөрийн чадвараа 50-60 хувь алдсан 2060 иргэн буйгаас 211 нь хөдөлмөр эрхэлж байгаа аж. Хөдөлмөрийн чадвараа 70-100 хувь алдсан 1490 иргэн байгаагаас 34 иргэн хөдөлмөр эрхэлж байна.

Б.Батчимэг

相关新闻