Чөлөөт бөхийн ахмадын ДАШТ-ээс 10 медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТУлаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн 2018 оны ахмадын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 28-30-нд Македоны нийслэл Скопье хотод болж манай тамирчид 1 алт, 3 мөнгө, 6 хүрэл, нийт 10 медаль хүртжээ.
Монгол Улсаас Скопьед 20 тамирчин, дөрвөн албаны хүн, нэг шүүгч, нэг эмчтэй очсон юм. Тэмцээн “А” (35-40 нас), “В” (41-45 нас) “С” (46-50 нас) “D” (51-55 нас), “E” (56-60 нас) гэсэн таван насны ангилалд өрсөлдөж аваргаа шалгаруулсан байна.
Тодруулбал, Буяндэлгэрийн Болд - “E” ангиллын 100 кг-д алт, Шурагийн Баянмөнх - “В” ангиллын 130 кг, Хаянхирваагийн Нямдорж -“C” ангиллын 70 кг-д, Буянтөрийн Лхагвадорж - “А” ангиллын 78 кг-д тус тус мөнгөн медалийн эзэд болов. Буяндэлгэрийн Бат - “E” ангиллын 88 кг-д, Цэвээнжавын Дуламсүрэн - “E” ангиллын 100 кг-д, Доржготовын Ганбат - “В” ангиллын 78 кг, Гэндэндоржийн Баатарсүрэн - “С” ангиллын 62 кг, Баатарын Содномпил - “А” ангиллын 88 кг, Батмөнхийн Сүхбаатар - “А” ангиллын 130 кг-д тус бүр хүрэл медаль хүртсэн байна.