Арвайхээрт уурын зуухны шинэ технологийг нэвтрүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙӨвөрхангай /МОНЦАМЭ/. Өвлийн бэлтгэл ажилтай холбогдуулж энэ өвөл Арвайхээрт шинэ технологийн уурын зуух дөрвийг ажиллуулах бөгөөд дулаан үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд өөрийн хөрөнгөөр технологийн шинэчлэл хийж, хар утаа гаргадаггүй, яндангийн тоо цөөн орчин үеийн уурын зуух суурилуулахаар болжээ.
Хүйтний улирал эхлэхтэй зэрэгцэж Арвайхээр хотод агаарын бохирдол нэмэгддэг. Дулааны станцтай болох ажил эхэлсэн ч ашиглалтад орох хугацаа болоогүй учраас аймгийн Агаарын бохирдлыг бууруулах зөвлөл, Эрчим хүчний зохицуулах зөвлөлөөс хувийн хэвшилтэй хамтран дээрх арга хэмжээг авч байгаа аж.
Шинэ зууханд хуучин 17-20 зуухыг нэгтгэн холбож байгаа бөгөөд энэ нь агаарын бохирдлыг бууруулахад ихээхэн нэмэр болно хэмээн албаныхан үзэж байна. Арвайхээр хотод 101кВт-аас дээш хүчин чадалтай 89 уурын зуух байгаа нь өвөлдөө агаарын бохирдлыг нэмэгдүүлэх гол хүчин зүйл болдог аж.
Б.Батчимэг