Бизнесээ эхэлж буй залуус номын дуу сонслоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2018-10-02 14:07:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. “Залуучуудын хөдөлмөр эрхлэлт, гарааны бизнесийг дэмжих хөтөлбөр” хэрэгжиж байна. Өвөрхангай аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас “Бест инноваци” бизнес хөгжлийг дэмжих төвтэй хамтран гарааны бизнесээ эхлүүлж буй залуучуудыг сургалтад хамрууллаа.

Олон Улсын төсөл хөтөлбөр, бизнесийн төсөл хөтөлбөрүүдэд ажиллаж байгаа туршлагатай ментор, зөвлөхүүдээс гарааны бизнесээ амжилттай эхлүүлэх, зах зээлд бүтээгдэхүүн үйлчилгээгээ нэвтрүүлэх, шинэ санаа шилдэг бизнесийг амжилттай хэрэгжүүлэх талаар сургалт явуулж 15-34 насны 50 гаруй залуу хамруулжээ.

Сургалтын үеэр оролцогч залуус бизнесийн 30 орчим санааг дэвшүүлж харилцан санал солилцсон байна. Тодруулбал, тоглоомын газар, машины суудлын бүрээсийн үйлдвэрлэл, гоо сайхан, кофешоп ажилуулах чиглэлээр төсөл бичиж, бизнесээ хаанаас, хэрхэн яаж эхлэх талаар мэдлэг, мэдээллээ нэмэгдүүлсэн аж.

Гарааны бизнесийг эхлэхэд юун түрүүнд тухайн орчны зах зээлийн судалгаа, худалдан авах чадвар, дэд бүтцийн хөгжлийн байдал, шинэ техник технологийг ашиглаж буй байдал  зэргээс ихээхэн шалтгаалдаг байна.

Б.Батчимэг

相关新闻