Мэргэжлийн сумогийн 70 дахь Их аварга Д.Бямбадоржийн зодог тайлах ёслол болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2018-10-01 10:42:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Японы мэргэжлийн сумо бөхийн 70 дахь Их аварга Харүмафүжи Д.Бямбадоржийн зодог тайлах ёслолын ажиллагаа Токио хот дахь Рёогокү Кокүгикан ордонд өчигдөр буюу 2018 оны 9 дүгээр сарын 30-нд боллоо.


Харүмафүжи Даваанямын Бямбадорж 2001 онд 16 настайдаа мэргэжлийн сумо бөхийг сонгон барилдаж эхэлсэн бөгөөд 2004 оны 11 дүгээр сард дээд буюу Макүүчи зиндаанд дэвшиж байсан билээ. Тэрбээр дээд зиндаанд 9 удаа түрүүлжээ. Тэрбээр 28 насандаа Японы мэргэжлийн сумо бөхийн Макүүчи зиндааны 2012 оны 7, 9 дүгээр сард дараалан түрүүлснээр 70 дахь Ёкозүна /Их аварга/ цол хүртэж байсан юм.

Энэхүү зодог тайлах ёслолд 68 дахь Их аварга Асашёорюү Д.Дагвадорж хүрэлцэн ирж, хүндэтгэл үзүүллээ. Тэрбээр энэ цаг үеийг эзэлсэн 69 дэх Харүмафүжи Их аварга Хакүхо М.Даваажаргал, 71 дэх Их аварга Какүрюү М.Ананд нартай дэвжээнд гарч, сүүлчийн удаа "Ёкозүна дохё-ири" ёслол үйлдэв. Үүний дараа аваргын үсийг нь хөндсөнөөр Харүмафүжи мэргэжлийн сумо бөхийн замналаа албан ёсоор дуусгалаа.

Харүмафүжи гадаадын 5 дахь, Монголын 3 дахь Их аварга /Ёкозүна/ цолтноор тодорч Японы мэргэжлийн сумогийн түүхэнд алтан үсгээр бичигдсэн юм. Зодог тайлахаа мэдэгдсэнээс хойш Монгол Улсын боловсролын салбарт хөрөнгө оруулж, “Шинэ Монгол-2” сургуулийг Яармагт барьж байгуулан, 9 дүгээр сарын 1-нд нээлтээ хийсэн. Тэрбээр зураг зурах авьяастай бөгөөд Японд уран зургийн үзэсгэлэнгээ гаргажээ.

相关新闻