Хожаберген баатрын морьт хөшөөг сүндэрлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Казахын ард түмний Керей аймаг, Шыбарайгыр омгоос гаралтай цэргийн жанжин Жанибекийн Хожаберген баатрын мэндэлсний 320 жилийн ойг тохиолдуулан "Хошаберген сан"-гаас түүний морьт хөшөөг есдүгээр сарын 29-нд Өлгий хотод сүндэрлүүллээ.
Хошаберген сангийн гүйцэгэх захирал А.Хайрат "Хожаберген баатар бол ХVIII зунд амьдарч байсан цэргийн нэрт жанжин. Энэ жил баатрын мэндэлсний 320 жилийн ой тохиож байгаа. Баатарын тухай хэлэхэд, тусгаар тогтнолынхоо төлөө Манж чин гүрний эсрэг тэмцсэн Монголын ард түмний 1755-1758 оны тэмцлийн удирдагчдын нэг Амарсанаагийн дотны найз, түүнтэй хамт Манж Чин Улсын эсрэг тэмцэж байсан хүн. Бүр эв нэгдэл, найрамдлын бэлгэдэл болгож Амарсанаагийн хүүхдийг өргөж авч, ах дүүс болсон түүх бий. Амарсанаа баатрын мэндэлсний 300 жилийн ой энэ жил тохионо. Хоёр ард түмнийг холбосон хос баатрыг алдаршуулах үүднээс энэ жил Хожаберген баатрын морьт хөшөөг босгосон. Дараа жилээс түүний хажууд Амарсанаагийн хөшөөг босгох ажлыг зохион байгуулна. Энэ асуудлаар түүний удмын улсуудтай уулзаж ярилцана. Хоёр хөшөө нийлээд "Найрамдлын цогцолбор хөшөө" болно" гэв.
Морьт хөшөөг босгоход нийтдээ 100 гаруй сая төгрөг зарцуулсан бөгөөд санхүүжилтийг иргэд, олон нийтийн хандиваар шийдвэрлэжээ. Баатрын зургийг нь барилгын инженер С.Асылхан, А.Азимбай нар гаргаж, баримлыг Улаанбаатар хотод "Түмэн хишигтэн" компани хүрлээр цутгаж хийсэн ажээ.
Ө.Нурболат