Насан туршийн боловсролын багш нар Өлгий хотод чуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Өлгий хотод
насан туршийн боловсролын төв, нэгжийн
багш нарыг чадавхжуулах "Бага, суурь, бүрэн дунд боловсролын дүйцсэн
хөтөлбөрийн сургалтыг холимог бүлгээр зохион байгуулах арга зүй" сэдэвт бүсчилсэн сургалт ёсдүгээр сарын 25-26-ны өдрүүдэд болж байна.
Сургалтыг НҮБ-ын Хүүхдийн сангийн
дэмжлэгтэйгээр Насан туршийн боловсролын үндэсний төвөөс зохион байгуулж байгаа
бөгөөд Баян-Өлгий, Увс аймгийн 40 гаруй багш оролцож буй.
"Манай улсын 19 аймагт Насан туршийн боловсролын төв байгуулсан. Мөн сумдтайгаа нийлээд 355 төв үйл ажиллагаагаа явуулж байна. Өмнө нь албан бус боловсрол, зайны сургалт нэрээр явдаг байсан бол одоо "Боловсрол-2030" буюу Инчоны тунхаглалын дагуу дэлхий даяар тэгш хамарсан, тэгш боломжийг баталгаажуулсан чанартай боловсрол, бүх нийтийн насан туршийн суралцахуйг дэмжих үзэл санаанд тулгуурлаж буй. Тиймээс насан туршийн боловсролын салбар зайлшгүй өргөжих, үйл ажиллагааныхаа хүрээг тэлэх шаардлагатай юм. Мөн БСШУЯ-ны 2018-2019 оны хичээлийн жилийн зорилтод насан туршийн боловсролын салбарын бүтэц зохион байгуулалтыг сайжруулах асуудал тусгасан. Дээрх зорилтын хүрээнд багш нараа чадавхжуулах хоёр өдрийн бүсчилсэн сургалтыг явуулж байгаа" гэж Насан туршийн боловсролын Үндэсний төвийн захирал Л.Болортунгалаг ярив.
Сургалтыг Улаанбаатар хотоос ирсэн мэргэжлийн багш нар зааж байгаа бөгөөд оролцогчид Боловсролын хуульд заасан насан туршийн боловсролтой холбоотой өөрчлөлтүүд, насан туршдаа суралцахуй, холимог бүлгийн сургалтыг зохион байгуулах арга зүй, хичээлийн төлөвлөлт зэрэг сэдвээр мэдээлэл сонсож, дадлага ажил хийж байна.