Завханы хүүхдүүд усан спортоор хичээллэх боломж бүрдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenebulgan@montsame.mn
2018-09-21 17:55:42

Завхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт баруун бүсийн усан бассейн бүхий спорт цогцолборын нээлт болж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга болон УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарын албаны хүмүүс оролцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга барилгын нээлтийн ёслолд оролцож, спорт цогцолборын бүтээн байгуулалтыг үзэж сонирхон, усан бассейн бүхий спорт цогцолборын гадна мод суулгаж, тамирчдад спортын өндөр амжилт хүсэв. Мөн анхны сэлэгчид нь Завхан аймгийн усан спортын тамирчид байв.

Энэхүү спорт цогцолбор нь нийт 1000 хүний суудалтай бөгөөд 400 хүний суудалтай усан бассейны заал, 500 хүний суудалтай спорт заалтай, жүдо, самбо бөх, гимнастик болон бүх төрлийн спортоор хичээллэх нэмэгдэл заалтай, иж бүрэн агааржуулалтын системтэй, усан халаалттай спорт цогцолбор юм.

Ийнхүү баруун бүсийн хэмжээнд усан спорт болон спортын бусад төрлөөр стандартын дагуу уралдаан, тэмцээн зохион байгуулах боломжтой болжээ. Спорт цогцолбор нь Улиастай сумын Богдын гол багт байрлах бөгөөд улсын төсвийн 2.8 тэрбум төгрөгийн төсвөөр баригджээ.

Баруун бүсийн олимпийн сургалтын төв, усан спортын цогцолбор барилга нь 2013 оноос эхлэн суурь нь тавигдсан бөгөөд барилгын ажил хэд хэдэн удаа царцаж санхүүжилт зогссоноос өнгөрсөн жилээс барилгын ажил эрчимтэй үргэлжилсэн байдаг.

Монгол Улсын спорт цогцолборын барилгад томоохонд тооцогдох байггууламжийг “LCB” ХХК барьж ашиглалтад оруулсан. Сонирхуулахад спорт цогцолборын гадна орчны загвар өнгөний шийдэл нь Завхан аймгийн туг далбааг бэлгэдэж хийсэн ажээ.

Б.Мягмарсүрэн

相关新闻