Д.Ням:Шүүхийн иргэдийн төлөөлөгч хараат бус байдлаа хамгаалж, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх нь чухал

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2018-09-21 11:59:18

Завхан/МОНЦАМЭ/. Завхан аймгийн Эрүүгийн анхан шатны Шүүхийн шүүгч Д.Нямтай ярилцлаа. 

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж хэнийг хэлдэг вэ? Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг ямар хуулийн журмаар ажилуулдаг  юм бол?

- Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуулийг Монгол Улсын Их хурлаас 2012 оны тавдугаар сарын 22-нд баталж, 2013 оны дөрөвдүгээр сарын 15-наа эхэлж дагаж мөрдсөн. Хууль батлагдаж хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2013 оны зургадугаар сарын 19-ний  09 дүгээр тогтоолоор “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, ажиллуулах журам”, “Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх журам”-ыг,  Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, Сангийн сайдын 2015 оны тавдугаар сарын 06-ны  65/110 дугаар хамтарсан тушаалаар “Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох журам”-ыг тус тус баталж мөрдөж байна.

Шүүхийн иргэдийн төлөөлөгч гэж анхан шатны шүүхээр эрүү, иргэн, болон захиргааны хэрэг маргааныг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд иргэд, олон нийтийг төлөөлөн оролцож, дүгнэлтээ гаргах эрх бүхий Монгол улсын иргэнийг ойлгоно. Жилд нэг удаа л шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдож болох ба зөвхөн тухайн сонгогдсон хэрэг маргааныг шийдвэрлэх шүүх хуралдаанд оролцоно.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч болоход ямар шаардлага тавигддаг вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын иргэн, 25 нас хүрсэн. Эрх зүйн бүрэн чадамжтай, ял шийтгүүлж байгаагүй. Монгол хэлээр чөлөөтэй ярьж, ойлгодог. Тухайн анхан шатны шүүхийн харьяаллын нутаг дэвсгэрт байнга оршин суудаг, сонгогдох үедээ эрүүгийн байцаан шийтгэх болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хэргийн оролцогч бус байх. Сүүлийн нэг жилийн хугацаанд иргэдийн төлөөлөгчөөр шүүх хуралдаанд оролцоогүй байх шаардлагуудыг хангасан байна гэж заасан байдаг.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн бүрэн эрх гэж бий юу?

айлгүй яахав. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тухайн хавтаст хэрэгтэй танилцах. Шүүх хуралдаанд оролцох, шүүх хуралдааны оролцогчдод асуулт тавих. Мөн нотлох баримт шинжлэн судлахад оролцох. Хэргийн үйл баримт, шүүгдэгч болон зохигчийн гэм буруу, захиргааны байгууллагын үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр санал, дүгнэлт гаргах эрхтэй байдаг.

-Иргэдийн төлөөлөгч оролцох шүүх хуралдааны төрөл гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь анхан шатны шүүхэд даргалагч шүүгч, өөр хоёр шүүгчтэй хамтдаа буюу бүрэлдэхүүнтэйгээр хэрэг маргааныг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч заавал оролцоно.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хэрхэн яаж сонгодог вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг сонгохдоо шүүхийн тамгын газар нутгийн захиргааны байгууллагатай хамтран нутаг дэвсгэрийн сонгогчдын нэрийн жагсаалтаас шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох дээрх шаардлага хангасан иргэдийн нэрийн жагсаалтын жишиг тоог харгалзаж урьдчилан бэлтгэнэ.

Шүүхийн иргэдийн төлөлөгчдийн нэрийн жагсаалтыг Шүүхийн ерөнхий зөвлөл батална. Эдгээр иргэдэд шүүхийн тамгын газраас урьдчилан мэдэгдэж, сургалт явуулах, гарын авлага, мэдээллээр хангах ажлыг зохион байгуулна. Дээрх нэрийн жагсаалтаас тухайн долоо хоногт шүүх хуралдаанд оролцох 10-15 иргэнийг тусгай программ ашиглан санамсаргүй аргаар сонгож дэд жагсаалтыг шүүхийн тамгын газрын даргын тушаалаар батална. Дэд жагсаалтаас тухайн шүүх хуралдаанд оролцох иргэнийг сугалааны журмаар тодруулж, шүүхийн мэдэгдэх хуудсыг хүргүүлдэг байгаа.  

-Шүүхийн мэдэгдэх хуудас гэж юу вэ? Тодруулахгүй юу?

-Шүүхийн мэдэгдэх хуудас гэдэг нь тухайн иргэдийн төлөөлөгчийг төлөөлөгчийн хувиар шүүх хуралдаанд орохоор сонгогдсоныг албан ёсоор мэдэгдэж буй мэдэгдэл. Энэхүү мэдэгдэх хуудсанд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцох шүүх хуралдаан болох өдөр, цагийг заасан. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон тухай мэдэгдлийг тухайн хүнд гардуулж, гарын үсэг зуруулдаг. Хэрэв тодорхой шалтгааны улмаас шүүхийн иргэдийн төлөөлөгчид биечлэн гардуулах боломжгүй тохиолдолд энэ тухай утсаар мэдэгдэж болно. Утсаар мэдэгдсэн тохиолдолд мэдэгдэх хуудсыг биечлэн хүлээн авсантай ижилд тооцох учир Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн хариуцлагатай, анхааралтай хандаж, шүүх хуралдааны товыг сайтар лавлах нь зүйтэй.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүхийн мэдэгдэх хуудас хүлээн авснаар юу хийх ёстой вэ?

-Та шүүх хуралдаанд оролцох тухай мэдэгдэх хуудас хүлээн авснаар хамгийн түрүүнд шүүх хуралдаанд оролцох боломжтой эсэхээ сайтар нягтлан бодох буюу шалгах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон иргэн нь зөвхөн хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байгаа тохиолдолд л шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой.

Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тохиолдолд энэ тухайгаа шүүхийн тамгын газарт нэн даруй мэдэгдэх ёстой болохыг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар дараах тохиолдлыг хүндэтгэн үзэх шалтгаантай байсанд тооцно.

Үүнд эмнэлгийн магадлалаар баталгаажсан эрүүл мэндийн нөхцөл байдлын улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй болсон. Ажил олгогчийн баталгаажуулсан албан томилолттой байсан. Мөн бага насны хүүхэд болон бусад этгээдийг асран хамгаалж байгаа бөгөөд энэ талаар хорооны Засаг даргын тодорхойлолттой бол. Түүнчлэн хүндэтгэн үзэх бусад шалтгаантай бол (хөл хорионд орсон, гэнэтийн болон давагдашгүй хүчин зүйлийн нөлөөнд орсон зэрэг) шүүх хуралдаанд оролцохоос чөлөөлөгдөх боломжтой.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч ажил эрхэлдэг бол хэрхэн зохицуулдаг вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгчөөр оролцохоор сонгогдсон тухай мэдэгдлийг хүлээн авснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан байхгүй бол хуралдаанд оролцох боломжтой тухайгаа мэдэгдэх хуудас авмагц шүүхийн тамгын газарт мэдэгдэнэ. Ингэснээр шүүхийн Тамгын газраас таны ажил олгогчид шүүх хуралдааны өмнө энэ талаар мэдэгдэл хүргүүлдэг учир энэ талаар санаа зовох шаардлагагүй.

-Ажил олгогч нь шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажиллах болсонтой холбогдуулан хариуцлага хүлээлгэж болох уу?

-Ямар ч тохиолдолд ийм эрх байхгүй.  Ажил олгогч нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авснаар иргэдийн төлөөлөгчөөр оролцох болсон ажилтандаа чөлөө олгож, аливаа байдлаар саад учруулахгүй байх үүрэг хүлээдэг. Хэрэв ажил олгогч нь энэ үүргээ зөрчиж ,иргэдийн төлөөлөгчөөр сонгогдсон ажилтанд чөлөө өгөхгүй байх, шүүх хуралдаанд оролцох боломжоор хангаагүй тохиолдолд Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар торгууль төлдөг.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шүүх хуралд хэрхэн бэлдэх вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь өөрт эвтэйхэн байдлаар хувцаслах нь зүйтэй. Гэхдээ биеийн ихэнх хэсэг ил гарсан буюу хэт задгай, гэмт хэргийн шинжтэй үйлдлийг сурталчилсан үг хэллэг, дүрс зураг бүхий хувцас өмсөх нь зохимжгүй болохыг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хувцаслалт нь тухайн хүнийг шүүх, шүүхийн ажиллагааг хэрхэн хүндэтгэж буйг илэрхийлнэ. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаанд ирэхдээ шүүхийн мэдэгдэх хуудас болон иргэний үнэмлэхээ заавал авч ирнэ.

Мөн хэргийн материалтай танилцаж,түүнээс тэмдэглэл хийх эрхтэй. Хэргийн материалтай танилцсанаар шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүгдэгч, зохигчийн гэм буруугийн талаар өөрийн гэсэн дүгнэлтээ хийж, шүүх хуралдаан дээр тэдний мэтгэлцээнийг сонсож харьцуулан өөрийн гэсэн дүгнэлтээ гаргахад ач холбогдолтой. Бас нэг давуу тал нь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хэргийн материалтай танилцсан цагийг хөлс олгох цагт оруулан тооцдог. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь Монгол Улсын төрийн сүлдэнд тангараг өргөдөг

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хэрхэн оролцох вэ? Мөн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн тангараг өргөх ажиллагаа гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө шүүх хуралдааны танхимд Монгол Улсын төрийн сүлдэнд тангараг өргөнө. Тангараг өргөх ажиллагаа нь шүүхийн иргэдийн төлөөлөгч хүн шударга ёс, хуулийг дээдлэн хараат бус байх, өргөсөн тангаргаа зөрчсөн тохиолдолд хуульд заасан хариуцлага хүлээх учрыг сүлдэндээ андгайлж буй хүндэтгэлийн арга хэмжээ юм.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг татгалзан гаргах гэж юу вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь хэргийн оролцогч нартай төрөл, садан, гэр бүлийн харилцаатай, хэрэг маргааныг шийдвэрлэхэд нөлөөлөх хувийн ашиг сонирхол байгаа тохиолдолд уг шүүх хуралдаанд оролцохоос өөрөө, сайн дураараа татгалзаж гарах ёстой. Эрүү, иргэн, захиргааны хэрэг маргааныг хянан шийдвэрлэх шүүх хуралдааны бусад оролцогчид таныг татгалзан гаргах тухай үндэслэл бүхий хүсэлтээ гаргах ёстой. Эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд иргэдийн төлөөлөгч нь шүүхийн хэлэлцүүлгийн үед оролцогчид асуулт тавих, шүүгдэгчийн гэм буруугийн талаар саналаа бичгээр гаргах, дүгнэлтээ шүүх хуралдаанд уншиж сонсгодог.

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн дүгнэлт гэж бий юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч  шүүх хуралдаанд сууж, хуралдаан дуусахаас өмнө өөрийн дүгнэлт өгнө Дүгнэлтэд шүүхийн иргэдийн төлөөлөгчийн ямар хэрэгт оролцож байгаа болон хэргийн үйл явдлыг товчхон бичиж, хэрэг үйлдэгдэхэд хэний буруу байсан талаар бичгээр дүгнэлт гаргадаг. Энэ дүгнэлтийн агуулга нь хэрэг болон хэргийн үйл явдлыг товчхон бичнэ. Мөн эрүүгийн хэргийн хувьд шүүгдэгчийн гэм буруугийн тухай. Иргэний хэргийн хувьд хариуцагч эсхүл нэхэмжлэгчийн гэм буруугийн тухай. Харин захиргааны хэргийн хувьд захиргааны үйл ажиллагаа үндэслэлтэй эсэх талаар бичгээр дүгнэлтээ гаргадаг.

-Шүүх хуралдаан дууслаа. Шүүхийн иргэдийн төлөөлөгчид гүйцэтгэх ёстой бусад үүрэг байгаа юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь нууц хадгалах. Шүүх хуралдаан даргалагч хуралдааныг хааснаар шүүхийн иргэдийн төлөөлөгчийн гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болно. Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаан дахь шүүхийн иргэдийн төлөөлөгчийн оролцоо дуусгавар болсон боловч төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг нууцлах үүрэг нь хэвээр хадгалагддаг.

Мөн хэрэг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн шийдвэр тухайн шүүхийн иргэдийн төлөөлөгчийн сэтгэл санаа болоод хувийн үнэлэмжид заавал нийцэх албагүй харин хуульд нийцсэн байх ёстой гэдгийг анхаарах хэрэгтэй. Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь тодорхой ял шийтгэл хүлээсэн гэм буруутай этгээдийн өмнөөс шаналах, нөхцөл байдлыг өөр дээрээ тусгаж авч сэтгэл зүйгээ таагүй байдалд оруулахгүй байхыг хичээх хэрэгтэй байдаг.

-Иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглодог зүйлс бий юу?

-Бий. Шүүх хуралдааныг орхин явах, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирэхгүй байх. Шүүх хуралдааны дэгийг сахин биелүүлэхгүй байх. Хэргийн оролцогч, түүний өмгөөлөгч, төлөөлөгчтэй уулзах. Хэргийн талаар нотлох баримт цуглуулах. Өөрт нь итгэмжлэгдсэн төр, байгууллага, хувь хүний нууцтай холбоотой мэдээллийг задруулах. Хэвлэл мэдээллийн хэрэгсэлд иргэдийн төлөөлөгчөөр оролцсон талаар мэдээлэл өгөх хориотой байдаг.  

үүхийн иргэдийн төлөөлөгчийн үйл ажиллагаанд хориглох зүйлийг зөрчвөл ямар хариуцлага хүлээх вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгч нь санаатай болон болгоомжгүй, хайхрамжгүй ямар ч шалтгааны улмаас дээр дурдсан хориглох үйлдлүүдийг гаргах учиргүй. Хэрэв шүүхийн иргэдийн төлөөлөгч өөрийн үйл ажиллагаанд хориглох үйлдэл гаргасан тохиолдолд тухайн иргэдийн төлөөлөгчийн цаашид иргэдийн төлөөлөгчөөр сонгогдох эрхийг хасах арга хэмжээ авдаг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр сонгогдон, эрх зүйн хэрэг маргааныг хянан шийдвэрлэхэд ажиллагаанд оролцох эрхээ хасуулах нь нэг талаас таныг хүлээсэн үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандсан болохыг харуулахын зэрэгцээ нөгөө талаас Монгол Улсын иргэн танд олгосон нэгэн онцгой эрх, бас журамт үүргээ нэр төртэй биелүүлж чадаагүй болохыг илэрхийлэх тул нэн анхаарал болгоомжтой, хариуцлагатай хандах нь зүйтэй.

Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаанаас бусад шалтгаанаар шүүхийн үйл ажиллагаанд оролцохоос санаатайгаар зайлсхийсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Тэгвэл шүүхийн иргэдийн төлөөлөгчөөр ажилласнаар ямар хөлс урамшуулал авах вэ?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчид хөлс олгох асуудлыг Шүүхийн ерөнхий зөвлөл болон санхүүгийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмаар зохицуулдаг байгаа.  

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус, аюулгүй байдал, шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал гэж байгаа юу?

-Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн хараат бус байдал гэдэг нь эрх зүйн хэрэг маргааны үйл баримт, хэргийн бодит байдлыг тогтоох, дүгнэлт гаргахдаа ямар нэг сэтгэлийн хөдлөл, хөндлөнгийн оролцоо, дарамт шахалтгүйгээр, аливаа хувийн ашиг сонирхол харахгүй байхыг хэлдэг. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн шүүх хуралдаанд оролцох, дүгнэлт гаргах ажиллагаанд шүүгч, прокурор, өмгөөлөгч, хэргийн оролцогч болон өөр бусад ямар ч этгээд аливаа хэлбэрээр нөлөөлөх  явдлыг хуулиар хориглодог. Шүүхийн иргэдийн төлөөлөгчийг хөндлөнгөөс хэн ч, ямар ч хэлбэрээр нөлөөлөх эрхгүй болохыг сайтар ухамсарлаж, өөрийн хараат бус байдлаа хамгаалах, хөндлөнгийн нөлөөнд автахгүй байх чадвартай байх нь чухал юм.

Сонирхолтой яриа өрнүүлсэн танд баярлалаа.

Б.Мягмарсүрэн 

相关新闻