УИХ-ын дарга З.Энхболд гишүүдийг хуралдаа ирэхийг шаардав
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын ээлжит бус чуулган өнөөдөр үдээс хойш 14 цагаас эхлэхээр хойшлогдсон ч 17 цаг болоход нээлтээ хийгээгүй байна.
Одоогоор чуулганы танхимд 37 гишүүн хүрэлцэн ирээд байгаа юм. УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд тэргүүтэй тус намынхан бусад гишүүдээ хүлээн тэвчээртэй сууж байна.
Энэ маягаар бол ээлжит бус чуулган өнөөдөр нээлтээ хийхгүй нь. Ийнхүү ээлжит бус чуулганы нээлт товлосон хугацаанаасаа хоёр ч удаа хойшилж болзошгүй нөхцөл үүслээ. Учир нь одоо ажлын цаг дуусахад нэг цаг дутуу байна.
УИХ-ын дарга 17:12 минутын үед микрофоноо нээж, хуралдаа ирээгүй гишүүдийн нэрийг ямар тойргоос сонгогдсон болохын хамт зарлаад ажил тасалсан гишүүдийг хуралдаа ирж суухыг урьсан. Үүний дараа УИХ дахь АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей нар мөн тэдгээр гишүүдийг хуралдаа ирэхийг шаардаж байгаагаа илэрхийлэв.
УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл намын далбаандаа тангараг өргөсөн аятай эдгээр гишүүд ажиллаж байна. Төр засгийн ажлын цаана ард түмний эрх ашиг байдаг гэдгийг санууллаа.
Б.Туул