Д. Ойдов: “Үстэй бурхан”- аас юм харамлавал өөрөөсөө харамлаж байгаагаас ялгаагүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-02-18 15:54:56

Дундговь аймгийн Сайхан- Овоо сумын Төгрөг багийн малчин Д. Ойдовтой ярилцлаа. Тэрээр өөрийн нутаг Хашаат хэмээх газар өнтэй сайхан өвөлжиж, хаваржиж байна.

- Танай нутгаар өнөө жилийн өвөл, бас хаврын эхний өнгө ямархуу байна даа?

- Өвлийн сарын ихэнхэд нь цаг сайхан байлаа.1 дүгээр сарын дунд үеэр хэд хэдэн удаагийн цасан шуурга шуурч, цас нэлээд нэмэгдсэн. Зун, намартаа чөмөг сайн суусан тулдаа л мал онд орж байна даа.

-Танай энэ хавиар отрын адуу олонтой байх шиг байна. Ойр хавийн малчдын хэлж байгаагаар бог малын бэлчээр талхлагдаж байгаа гэх юм. Энэ бол бас л нэг бэрхшээл биз?

- Тэгэлгүй яахав. Цасан хунгарыг сэндийлж, газрын хөрс цавчиж хоол гаргаж иддэг мал бол адуу юм шүү дээ. Үхэр бол хэлээ ороож иддэг. Тэмээ бол ямар л ургамал байна, хадлан хадаж байгаа юм шиг л хамаад идчихдэг мал.

Манай багт хориод мянган адуу оторлож байх шиг байна. Зүүн талаасаа бэлчээр  “мөлжигдөж” дууссан. Адуу ч эрт орж ирсэн дээ. Бог мал бэлчээргүй, хавартаа хүндрэхээр болоод байгаад малчдын сэтгэл зовниж байгаа тал бий. Бид оторчдыг хөөж тууж болохгүй, хажиглаж харамлаж болохгүй. Адилхан л мал аж ахуй гэдэг том үйлдвэрлэлийг нуруундаа үүрч яваа улс. 

-Хавар тэгэхдээ цасан дороос малын хоол эрхтгүй гарах байлгүй дээ?

-Цасан дороос гарах юм эрхбиш бий л байх. Бутанд ороолдож тогтсон жоол өвс гарах байх гэж бодож байгаа. Үүнийг чинь бас мал хэсэгтээ хоргоочихдог л юм. Тэгж байтал бэлчээр сэргэнэ дээ.

- Энэ хавь угаас отрын нутаг уу?

- Ер нь л отрын нутаг даа. Манай энд ойр усгүй. 6 км явж устай залгадаг.

-Энэ өвөл Өвөрхангайн Баян- Өндөр, Сант, Баянгол сумын малчид отроор ирж хашаатай, хашаагүй газар буусан. Гэтэл өнөө олон адуу хонь малыг нь гишгэлчих гэж сандаргасан л даа. Тиймээс малчид мотоциклиор хөөн холдуулж байгаагаас энэ олон  адууг үелзүүлээд тогтворгүй болгож,  бэлчээрийн талхлалтад бас нэмэрлэж байна. Гүү хээл хаяж байгааг зарим адуучин хэлж байна лээ. Аргагүй шүү дээ.  Адууны яг отрын бэлчээрт богино шийртэй мал зэрэгцэн оторлох тийм ч тохиромжтой бус юм. Ийм л бэрхшээл манай энэ хавьд байна даа.

-Хаврын цаг агаар ямар байх бол...? Та хувьдаа хэрхэн таамаглаж байна вэ?

- Манай нутгаар цаг гайгүй болох байх аа. Өвөлдөө нэлээд  чангарчихлаа. Хаврын тэргүүн сарын шинийн нэгний өглөөний нараар шинжихэд энэ жилийн цаг агаар тун ноён нуруутай байна гэж бодож байгаа шүү.

Шинийн нэгэндээ хур тунадастай байвал тэр зунаа заавал л ган гачиг болдог юм. Энэ жил тийм ёргүй, сайхан жил байх вий.

-Та хэдэн жил мал маллан хөдөлмөрлөж байна вэ?

-1980 онд айл гэр болж мал малласан. 1990- ээд оны өмч хувьчлал болтол нэгдлийн 600 гаруй төллөх мал хорогдолгүй маллаж явсан. Өмч хувьчлалаар оногдсон малаа өсгөсөөр өдийг хүртэл 35 жил мал маллан амьдарч байна даа.  Тэр үед засаг төр хүнээс илүү малд анхаарал тавьдаг байж.Одоо бол мал байтугай хүнээ ч анхаарахаа больсон санагддаг.

Мал аж ахуй бол Монголын маань үндсэн үйлдвэр юм. Байгаль эх дэлхийгээ  шүтэж амьдардаг,  тэнгэрийн амьтад шиг ард түмэн шүү дээ, бид. Тийм учраас малаасаа юм харамлавал өөрөөсөө харамлаж байгаагаас ялгаагүй гэж зүтгэсний хүчинд мал маань ч сайхан өсөх юм даа.

- Мал аж ахуй эрхлэх залуучууд цөөрлөө, хөдөө эзгүйрлээ гэж малчид ярих болж. Энэ тухайд та ямар бодолтой байдаг вэ?

-Үнэний хувьтай. Бидний залуу үед залуусыг илгээлтээр явуулж, мал хуй, гэр орон бэлдэж өгөөд Монголын хөдөөд  малчин уламжлалыг залгуулах боловсон хүчнийг бэлдэж байлаа. Одоо тийм залгамж алга. Хот хүрээ бараадсан, тэндээ эрхэлсэн ажилгүй, эрхэлсэн ажилгүйгээс амьдралаа босгож чадахгүй яваа залуучууд олон л харагдах юм. Урьдын адил тэр залуусыг илгээлтээр хөдөө гаргаж, хөдөөгөө эзэнтэй болгох хэрэгтэй байна. Хөдөөд ядууралгүй амьдрах боломж бүрэн бий.

-Та хүүхдүүдээ малчин болгосон уу?

-Манайх 6 хүүхэдтэй. Дөрвийг нь малчин болгосон. Манай 4 хүүхэд “үстэй бурхан”- ы буянд дор бүрнээ л сайхан амьдарч явна. Бага хүүгээ дээд сургуульд сурч байхад нь хэдэн мал тасдаж өгөөд, за чи энэ хэдийгээ зарж үрнэ үү, өсгөж үржүүлнэ үү өөрөө мэд гэсэн чинь хөдөө гарч, аав ижиидээ тустай амьдаръя гээд хүрээд ирсэн. Малчин ч бас мэргэжил гэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ. Би түүнтэй санал нийлдэг.

-Малчид малаа мянга давуулж, мянгат малчин болъё гэж зорьдог шиг байгаа юм. Танд ийм бодол төрдөг үү?
Мянгат малчин болъё гэвэл хамгийн түрүүнд л  болохоор байлаа. Үр хүүхэддээ өртэй байж мянгат болох гэж зүтгээд яахав дээ. Хамгийн түрүүнд  үр хүүхдээ ажил амьжиргаатай нь залгуулах хэрэгтэй гэж зүтгэсэн юм. Цаг сайхан байвал малаа мянга давуулчих  амархан шүү дээ.

Манайх цагийн хатууд Сайхан- Овоогийн хамгийн олон малтай нь л байдаг байлаа. Бүх малаараа олон нь байсан.Цагийн хатууд хаа сайгүй малын хорогдол их гардаг. Тийм үед нь манайх малаа хорогдуулаагүй учраас олныг тоолуулдаг байсан байх. “Үстэй бурхан”- ы ашиг шим их ээ. Мянган малтай байна уу, 100 малтай байна уу, малаа хайрладаг, мал маллагааны уламжлалаа хадгалж хөдөлмөрлөж байгаа цагт малчин хүн ядрахгүй гэж боддог.

Т. Отгонтуяа

相关新闻