Б. Отгонжаргал: Харбины тэмцээнд нутгийн залуутай нэг баг болж оролцсон
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬШинэ он гарахын өмнөхөн БНХАУ- ын Харбин хотод болсон цас, мөсний баяраас монгол залуучууд цас, мөсний уран сийлбэрт бүтээлээр алт, мөнгө, хүрэл медаль зүүж ирсэн нь бидэнд бахархалт мэдээ болон түгж байсан. Тэдгээр авъяаслаг залуусын нэг Б.Отгонжаргалтай малчны хотонд таарч ярилцлаа.
-Мал сүрэг тогтуун, тохилог өвөлжиж байна уу?
Цас ихтэй, зудархуу, цаг хатуухан байгаа ч сүрэг мэнд өвөлжиж байна аа.
-Хэдийгээр бид малын захад уулзаж байгаа ч яриа маань уран бүтээлд чиглэх юм. Малаа маллахын зэрэгцээ урлан бүтээж явна уу?
-Тийм ээ. Би Дэлгэрхангай сумын Номгон багийн харъяат. Дэлгэрхангай сумандаа дунд сургууль төгсөөд 2004 онд Дүрслэх урлагийн дээд сургуульд элсэн суралцаж, 2008 онд сийлбэрчин мэргэжлээр төгссөн. Одоо чөлөөт уран бүтээлч. Хөдөөд малаа маллачихна. Уран бүтээлээ хийнэ. Хот, хөдөөгүй л амьдарч явна даа. Өнөө жил манай нутгаар цас ихтэй, зудархуу байгаа учраас ар гэрийнхэндээ туслахаар ирээд байгаа нь энэ.
-Саяхан болсон Харбины тэмцээнээс ямар медальтай ирлээ?
-Хоёр мөнгө, нэг хүрэл медаль зүүсэн.
-Ямар бүтээл урласан нь тэр вэ?
-Цас, мөсний гурван бүтээл сийлсэн. “Салхи”, “Оргилд”, “Амьдрал” хэмээх бүтээл байсан.
-Харбины цас мөсний баярын талаар сонирхуулаач?
-1963 онд цас мөсний баярыг зохион байгуулж эхэлсэн юм билээ. Хятадын соёлын хувьсгалын үед нэг хэсэг тасарч байснаа 1985 онд дахин зохион байгуулж эхэлснээр сая цасны 30 дахь, мөсний 28 дахь удаагийн баяр болсон нь тэр.
Харбин бол дэлхийн цас, мөсөн урлалын төв гэгддэг. Анх зөвхөн тухайн хотынхон, бусад мужаас хүмүүс ирж сонирхдог байсан бол одоо орон орны жуулчид зорин очдог болсон. Цас, мөсөн урлалын гайхамшигийг тэр хотоос харж болдог. Тиймээс Харбины цас мөсний баяр нэр хүнд бүхий томоохон тэмцээн байдаг.
-Өөрийн тань хувьд Харбины баярт хэд дэхь удаагаа оролцов?
-Урьд нь 2014 онд оролцож, хүрэл медальтай ирсэн.
-Цас, мөсөн урлал сийлбэрийн нэг төрөл болдог уу?
-Тийм. Мод, чулуун сийлбэр гэдэг шиг цас, мөсөн сийлбэр, бүр элсэн сийлбэр ч гэж бий.
-Сийлбэрчин болсон нь багаас зорьсон мэргэжил байв уу?
-Дунд сургуульд байхдаа зураг зурдаг, түүндээ их сонирхолтой байсан юм. Тэр сонирхол, чадвараа хөгжүүлэхээр Дүрслэх урлагийн сургуульд орохдоо сийлбэрчний мэргэжил сонгосон. Монгол ахуйгаа харуулсан бүтээл урлах дуртай. Монгол ахуй бол сийлбэрт их зохицож ирдэг л дээ.
-Модон сийлбэрээрээ үзэсгэлэн гаргах ч юмуу, аль эсвэл уралдаан тэмцээнд оролцож байв уу?
-ОХУ- д болсон модон сийлбэрийн уралдаанд тусгай байрын шагнал авч байсан. Одоогоор уран бүтээлийн үзэсгэлэн гаргаагүй байна. Сийлбэрийн бүтээл өртөг өндөртэй, цаг хугацаа их зарцуулагддаг. Сийлсэн бүтээл гар дээр хадгалагдаад байна гэж үгүй. Зарагдчихдаг учраас хийсэн зүйлээс маань гэрэл зураг л үлдэнэ дээ.
-Харбины тэмцээнд багаараа оролцдог уу?
-Ганцаарчилсан төрөл ч бий. Миний хувьд өөрийн аймгийн Дэрэн сумын харъяат Д. Мөнхтуул гэдэг залуутай баг болсон. Багаа “Мандалговь” гэж нэрлэсэн. Манай Дүрслэх урлагийн сургуулийн сийлбэрийн багш Цогбаярын шавь нар голдуухан Харбины тэмцээнд оролцсон. Нэг багшийн шавь 12- уулаа Монгол Улсаа төлөөлж явсан.Цас, мөсөн урлалаар монгол залуучууд үнэхээр чадварлаг байсан.
-Тэмцээнд оролцоход дэмжлэг юу байдаг вэ?
-Яахав, зарим нэг компанид хүсэлт тавьдаг л даа. Үгүй гэж хэлдэггүй ч яг цаг дээрээ тулахаар тэр бүр бүтэлтэй болохгүй. Бид өөрсдийн зардлаар л явдаг.
-Сум орон нутагтаа шавь сургаж байна уу?
-Одоогоор байхгүй. Сийлбэрт сонирхолтой, авъяастай хүүхдийг сургаж хөгжүүлэх бодол бий.
-Одоо ойрын хугацаанд ямар бүтээл урлах вэ?
-Хөвсгөлд болдог “Хөх сувд” цас мөсний баярт оролцоно. Өнгөрсөн жил оролцож, мөнгөн медаль авч байсан. Энэ жил амжилт ахиулан оролцох бодолтой байна. Хөвсгөлийн “Хөх сувд” цас, мөсөн сийлбэрийн хувьд бас л томоохон баяр болдог л доо. Энэ жил олон улсын чанартай болох юм билээ.
-Уран бүтээлийн сонин дэлгэсэнд баярлалаа. Амжилт хүсье
Т. Отгонтуяа