Өвөрхангай аймгийн Улсын сайн малчдын цол тэмдгийг гардуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМУлс эх орныхоо нийгэм, эдийн засгийн хөгжилд бодит хувь нэмэр оруулж мал сүргийнхээ тоо толгойг өсгөн, үржүүлж байгаа Улсын сайн малчдыг Сар шинийн баярын өмнө тодруулдаг билээ.
Өнгөрсөн 7 хоногт болсон Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар энэ онд нийслэл, орон нутгаас Улсын сайн малчин тодруулахаар нийт 140 малчны тодорхойлолт ирснээс сайн малчны болзол, шаардлага хангасан 118 малчныг “Улсын сайн малчин"-аар шалгаруулсан юм. Эдгээр 118 малчдын ес нь Өвөрхангай аймгаас тодорсон.
УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг энэ сарын 06-07-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт ажиллаж, Улсын сайн малчин, Улсын тэргүүний тариаланчаар тодорсон нутгийн зон олондоо энэхүү нэр хүндтэй шагнал болох өргөмжлөл, цол тэмдэгийг гардуулан өглөө.
Н.Батцэрэг сайдын эхний очсон айл бол Өвөрхангай аймгийн Хархорин сумын Улаан бор овоотийн Өлийн ардөвөлжиж буй Жалбаа багийн малчин, Улсын сайн малчнаар шалгарсан Эмээлийн Бямбасүрэн гуайнх. Хархорин сумын хувьд 263 мянган мал тоолуулсан бөгөөд анх 2014 онд нэг Улсын сайн малчин төрж байжээ. Сайд Н.Батцэрэг Э.Бямбасүрэнд "Улсын сайн малчин"-ы өргөмжлөл, таван хошуу малын дүрийг мөнгөөр бүтээсэн баримал, энгэрийн тэмдэг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын гарын бэлэг зэргийг малчны хотонд нь гардуулав. Мөн энэ жилээс эхлэн Засгийн газрын шийдвэрээр гэрийн эзнээс гадна гэрийн эзэгтэйд сайн малчны цол тэмдгийг давхар гардуулж өгөхөөр болсны дагуу гэрийн эзэгтэй С.Дуламжав гуай ч энгэрээ мялааж, хөдөлмөрөө үнэлүүлсэндээ баяртай байлаа. Үүний дараа аймаг, сумын удирдлагууд мөн баяр хүргэж шагнал гардуулсан юм.
Мөн энэ жил 21 ногоочин, механикжуулагчийг “Улсын тэргүүний тариаланч”-аар шалгаруулсаны нэг нь Өвөрхангай аймгийн Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъяансүрэн гуайнх юм. Тэрээр 1999 оноос хойш ногоо тарьж байгаа бөгөөд аймаг, сумынхаа иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг эрүүл, аюулгүй хүнсээр хангаж хангахын зэрэгцээ үр тариагаа дотоодын гурилын үйлдвэрүүдэд худалдан борлуулж байна. С.Жамъяансүрэн гуай сэтгэл байхад хаана, юуг ч тарьж, ургуулж болдог хэмээн үр хойч, залуу халуун үеийнхэндээ сургаж сууна.
Өвөрхангай аймгаас шалгарсан Улсын сайн малчид:
Тарагт сумын 2 дугаар багийн малчин Даваасүрэнгийн Содном-Иш,
Сант сумын 2 дугаар багийн малчин Тогоочийн Гандэлгэр,
Хужирт сумын 3 дугаар багийн малчин Алтангэрэлийн Лувсанчүлтэм,
Бүрд сумын 3 дугаар багийн малчин Шаалаагийн Лувсаншарав,
Уянга сумын 5 дугаар багийн малчин Цэрэндоржийн Гончигдорж,
Бат-Өлзий сумын 1 дүгээр багийн малчин Лувсандашийн Даваадаш,
Хархорин сумын 6 дугаар баг Эмээлийн Бямбасүрэн,
Бүрд сумын 1 дүгээр багийн малчин Пүрэвийн Мөнхөө,
Бат-Өлзий сумын 4 дүгээр багийн малчин Доржсүрэнгийн Суурь;
Улсын тэргүүний тариаланч:
Хархорин сумын ногоочин Сүхсүрэнгийн Жамъяансүрэн