Т.Батжаргал: Монгол хүн, монгол бичиг, монгол морийг бэлгэдсэн
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДҮндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас эрхлэн гаргадаг “Хүмүүн бичиг” сониноос 19 дэх удаагаа зохион байгуулсан “Монголын сайхан бичигтэн” улсын уралдаан Дорнод аймгийн Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн технологийн багш Т.Батжаргал бүтээлийн төрөлд дэд байр эзэлсэн билээ. Түүнтэй уран бүтээлийнх нь талаар ярилцлаа.
- “Хүмүүн бичиг” сонинноос жил бүр зарладаг “Сайхан бичигтэн” улсын уралдаанд хоёрдугаар байр эзэлсэн Танд уншигчдынхаа өмнөөс баяр хүргэж, амжилт хүсье.Өөрийгөө танилцуулахаас яриагаа эхлэх үү?
-Намайг Түвшинжаргалын Батжаргал гэдэг. Дорнод аймгийн Хэрлэн сумын Аймгийн тэргүүний 8 дугаар сургуульд технологийн багш ажилтай.
-Улсын уралдаанд орж, бүтээлээ сойё гэдэг анхны сэдэл санаа юунаас төрөв?
-Яг энэ цаг үед монгол бичгээ дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тал дээр дутмаг байдал ажиглагддаг. Тэгээд залуу хүний хувьд юу хийж болох вэ гэсэн өөрийн хүсэл бодол маань сийлбэр сонирхдог хоббитой нийлснээр уралдаанд оролцох анхны сэдэл санааа эндээс төрсөн.
-Хэдий үеэс сийлбэрээр хичээллэж эхэлсэн бэ?
-Бүр бага байхаасаа сонирхож эхэлсэн. Тэгэхдээ модоор сийлбэр хийдэг байсан. Улсын чанартай уралдаанд орохын тулд шинэлэг, өвөрмөц байх үүднээс ясан сийлбэрийг сонгосон. Ямар яс байх вэ гэдгийг бас бодсон л доо. Тэгээд босоо хийморь лундааг нь бодож монгол морины толгойн ясыг сонгож, монгол босоо бичгээр, зовхи нь өөдөө монгол хүн гурвыг бэлгэдсэн бүтээл байхаар бодож хийсэн. Уг бүтээлээ “Босоо Монгол” гэж нэрлэсэн учир нь энэ юм.
-Сийлбэр заасан анхны багш тань хэн бэ?
-Энхболд ахаараа анх сийлбэр заалгасан. Энэ бүтээлийнхээ санааг ч бас түүнтэй хуваалцсан. Ясан дээр хийсэн миний анхны бүтээл гэдгээрээ үнэтэй.
-Өөрийн тань бүтээлийг харахад тун чимхлүүр нарийн ур, ухаан шаардсан болох нь хараад мэдрэгдсэн. Тэргүүн байранд ороогүйдээ сэтгэл жаахан гонсойв уу?
-Уралдааны зарыг “Хүмүүн бичиг” сонины аймаг дахь сурвалжлагч Ж.Зоригтбаатар ахаас анх сонсч, 21 хоногийн дотор хийж дуусгасан. Гар хурууныхаа мэдээг алдтал хөдөлмөрлөсний үр дүнд бүтээл маань улсад хоёрдугаар байрт шалгарлаа. Уралдааны нэгдүгээр байрт орсон бүтээлийн тухайд хөгжлийн бэрхшээлтэй, өндөр настай эмэгтэй хүний урласан бүтээл байсан гэдгийг урьдчилж надад хэлсэн л дээ. Шагнал гардууулах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүд тэргүүн байрын бүтээлийн дэргэд зургаа татуулна гээд миний бүтээлийн дэргэд зогссон. Тийм болохоор хоёрт орлоо гэж гонсойх сэтгэл төрөөгүй. Энэ уралдаанаас ихийг бодож ирсэн нь том олз гэж хэлж болно.
-Чухам юу бодогдов, сэтгэгдлээ хуваалцаач.
-“Хүмүүн бичиг” сониноос зарладаг уламжлал болсон энэ уралдааны тухайд зохион байгуулалтын өндөр түвшинд болдог юм байна. Үндэснийхээ хэл, бичиг соёлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд залуучууд бид ихийг хийх ёстойг эндээс ухаарч ойлгосон. Энэ цагаас хойш ясан сийлбэрээр дагнах бодол төрсөн. Ялангуяа босоо Монгол бичгээ дээдэлсэн бүтээл олныг хийх хүсэл надад байна.
-Баярлалаа. Таны ажилд амжилт хүсье.
Б.Туяа