Ноён уулыг тусгай хамгаалалтад авав
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Зарим газрыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.
Тус хуулийн төсөлд Ноён уул орчмын газрыг Улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг тусгасан юм. Ноён уул нь Төв аймгийн Борнуур, Батсүмбэр, Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутгийг дамнан оршдог. МЭӨ III – МЭ II зуун хүртэлх хугацаанд Төв Азийн өргөн уудам нутагт Хүннүчүүд нүүдэллэн амьдарч, төр улсаа цогцлоон байгуулж, мандан бадарч байсны бодит нотолгоо болох археологийн дурсгалууд Монгол орны нутаг дэвсгэрээс олон тоотойгоор олддог бөгөөд энэ нь Хүннү гүрний төв одоогийн Монгол улсын нутаг дэвсгэр байсныг гэрчлэх баримт юм. Өөрөөр хэлбэл, Гацууртын ордыг ашиглахтай холбоотойгоор Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авч байгаа бөгөөд нийт 11 мянган га талбайг хамарч буй юм.
Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг гишүүдийн асуултад өгсөн хариултдаа, "Ноён уул орчмын газрыг байгалийн цогцолборт газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авахын тулд наад зах нь 36 мянган га талбайг хамгаалалтад авахад хүрнэ. Иймээс Засгийн газраас оруулж ирсэн саналыг байнгын хороо дэмжсэн. Ингэснээр 11 мянган га талбайг байгалийн нөөц газрын ангиллаар, 405 га талбайг дурсгалт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авахаар болж байгаа юм. Гэхдээ Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах шийдвэрийг УИХ гаргаж байгаа, харин хилийн цэсийг нь Засгийн газар тогтоох юм. Хэрэв гишүүд Ноён уул орчмыг байгалийн цогцолборт газрын ангиллаар тусгай хамгаалалтад авья гэвэл тогтоолын төсөл санаачилж өргөн барих шаардлагатай" гэлээ. Ингээд тогтоолын төслийг батлах нь зүйтэй гэсэн байнгын хорооны саналын томьёоллоор санал хураалгахад чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 71 хувь нь дэмжив.
Б.Туул