УИХ-ын сонгуулийг 2012 оны сонгуулийн жишгээр явуулна
МОНГОЛЫН МЭДЭЭУИХ-ын чуулганы үдээс хойшхи хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн парламентын сонгуулийн зохион байгуулалт Улаанбаатарын төвлөрлийг сааруулахад чиглэгдсэн байх ёстой гэсэн байр суурьтай байсан бол УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нийслэлийг нийслэл шиг хөгжүүлэхэд хотоос сонгогддог гишүүдийн тоог нэмэх нь зүйтэй гэсэн саналтай байгаагаа хэллээ.
УИХ-ын гишүүн А.Бакей хэлэхдээ чуулганы өмнө хуралдсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар АН-ын бүлгийн гишүүдээс гаргасан хотын мандатыг нэмэх саналууд унасан. Эдгээр саналууд унаснаар сонгуулийг 2012 оны жишгээр явуулахаар болж байна гэсэн тайлбарыг өгч байв.
Дараа нь “Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2016 оны ээлжит сонгуульд техник хэрэгсэл хэрэглэх тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцсэн юм. Уг тогтоолын төсөлд Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийг үндэслэн УИХ-ын болон аймаг, нийслэлийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн сонгогчдын бүртгэлийн үйл ажиллагаанд бүртгэлийн техник хэрэгслийг, санал авах, тоолох үйл ажиллагаанд “New Image Cast” санал тоолох төхөөрөмжийг тус тус хэрэглэхээр тусгажээ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж үг хэлэх гишүүн гараагүй бөгөөд санал хураалтаар хуулийг төслийг баталлаа.
Б.Туул