Д.Ганхуяг: АСЕМ гадаадаас хөрөнгө оруулалт татах боломжийг нээнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2016-01-26 16:51:18

Ази, Европын уулзалт (АСЕМ)-ын орнуудын Дээд хэмжээний чуулган энэ оны долдугаар сарын 15-16-нд Улаанбаатар хотноо болно. Уг уулзалтын талаар өнөөдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг мэдээлэл хийлээ.

АСЕМ нь анх 1996 онд 26 орны гишүүнчлэлтэй байгуулагдсан бөгөөд эдүгээ Европын 30, Азийн 21 улс болон олон улсын хоёр томоохон байгууллагыг эгнээндээ нэгтгээд байна Тус байгууллага нь Ази, Европын орнуудын эрх тэгш харилцаанд суурилсан улс төр, эдийн засаг, нийгэм соёлын нийтлэг тулгамдсан асуудлыг хэлэлцдэг Засгийн газар хоорондын албан бус яриа хэлэлцээ явуулдаг. Цаашдаа гишүүнчлэл нь улам бүр өргөжих хандлагатай байгаа бөгөөд одоогоор Турк, Украйн, Серби улс гишүүнээр элсэх өргөдөл өгчээ. Монгол Улс 2008 онд Бээжин хотноо  чуулсан долоо  дахь удаагийн уулзалтаар АСЕМ-д элссэн бөгөөд тус байгууллагын үйл ажиллагаанд тогтмол, идэвхтэй оролцож ирсэн учраас 2014 оны ээлжит чуулганаар 2016 оны дээд хэмжээний уулзалтыг Монгол Улсад зохион байгуулах эрхийг өгсөн. АСЕМ-ын хурлыг зохион байгуулснаар олон улсын хэмжээнд Монгол Улсын нэр хүнд өсч, гадаадаас хөрөнгө оруулалт, тусламж татах боломжийг нээх юм хэмээн тэрбээр мэдээллийнхээ эхэнд онцлон тэмдэглэв.

“АСЕМ-ын уулзалтын талаар олон нийтэд тогтмол мэдээлэл өгөх зорилгоор Үндэсний мэдээллийн “МОНЦАМЭ” агентлагийн байранд мэдээллийн төв байгуулж, сэтгүүлчдэд тогтмол  мэдээлэл өгөхөөр тохироод ажиллаж байна.

АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг угтаж хэд хэдэн хурал болох юм. Тухайлбал, энэ оны дөрөвдүгээр сарын 21-22-нд болох Ази-Европын парламентын түншлэлийн  9 дүгээр уулзалт, тавдугаар сарын 12-13-нд АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, зургадугаар сард АСЕМ-ын Сангийн сайд нарын 12 дугаар уулзалт, Ази-Европын хүнсний аюулгүй байдал, фермерийн сургалт болно. Харин долдугаар сард Ази-Европын иргэний 11 дүгээр чуулга уулзалт, АСЕМ-ын Загвар чуулган, Редакторуудын дугуй ширээний 8 дугаар уулзалт, АСЕМ-ын Ахлах албан тушаалтнуудын уулзалт, Ази, Европын Бизнесийн 15 дугаар чуулга уулзалт  тус тус болох юм.

Эдгээр уулзалтаас гадна хэд хэдэн улсаас өөрсдөө тусгай арга хэмжээ зохион байгуулах хүсэлт ирж байгаа. Саналыг судлан үзэж, цаг тухайд нь хариу өгч байна” хэмээв.

Долдугаар сарын 15-16-нд болох Дээд хэмжээний уулзалтын үеэр АСЕМ-ын 20 жилийн ой болох бөгөөд уг ойг угтсан арга хэмжээг Чингисийн талбайд зохион байгуулахаар төлөвлөжээ. Энэ удаагийн Дээд хэмжээний уулзалтын үеэр өнгөрсөн 20 жилд хийсэн ажлаа дүгнэж, ирэх 20 жилд хийх ажлынхаа талаар “Улаанбаатарын тунхаглал” гарах юм. 

АСЕМ-ын бэлтгэлийг хангахаар байр, зочид буудал, аюулгүй байдал, ёслол, зам тээвэр, харицаа холбоо, нисэх буудал, үйлчилгээ, соёл урлаг, хоол хүнс, түүний аюулгүй байдал, Дээд түвшний уулзалтаас гарах баримт бичиг, зохион байгуулалт болон Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны гэсэн 6 ажлын хэсэг ажиллаж байна.

Өнгөрсөн онд Тагнуулын ерөнхий газар, АСЕМ-ын ажлын хэсэг хамтран нийслэлийн баруун 4 замаас зүүн 4 зам хүртэлх зочид буудлуудад хяналт, шалгалт хийж, 47 зочид буудалд гадны төлөөлөгчдийг байршуулах боломжтой гэж үзсэн. Дээрх зочид буудлуудад камер суурилуулах, зочдын цүнхийг шалгах аппарат байршуулах зэрэг шаардлага тавьсан. Зочид буудлуудын зүгээс дээрх шаардлагыг биелүүлэхэд тодорхой хэмжээний санхүүжилт шаардлагатай байгаагаа ч илэрхийлж байсан. Төрийн зүгээс зочид буудлуудад байраа засах, тохижуулах чиглэлээр арилжааны банкуудаас зээл авахад нь дэмжлэг үзүүлэхээр болжээ.

Мэдээлэл өгсний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулав.

-АСЕМ-ын уулзалтад зориулж энэ оны улсын төсөвт хэдэн тэрбум төгрөг төсөвлөсөн бэ. Тус уулзалтад зориулан барьж буй АСЕМ Велла хотхоныг хэрхэн ашиглах вэ?

-АСЕМ-ын Дээд хэмжээний уулзалтыг дагалдаж 9 арга хэмжээ болно. Үүнд зорриулж нийт 20 тэрбум төгрөг төсөвлөсөн. "АСЕМ Велла" хотхоныг 5 компани өөрсдийн эзэмшлийн газарт барьж байгаа. Бид тэдний барьсан хотхоныг ашиглах юм. Үүнийхээ хариуд тэдэнд барилга барих зөвшөөрөл авахад нь дэмжлэг үзүүлсэн. Уулзалтын дарааа уг хотхоныг хэрхэн ашиглах нь тухайн компаниудын асуудал.

-АСЕМ-ын уулзалтаас өмнө Монгол Улсаа дэлхий нийтэд сурталчлах  ямар ажлыг зохион байгуулж байна вэ?

-Гадныхан бол монголыг тэнэмэл хүүхэд, зуданд нэрвэгдсэн малчид, өвлийн тэсгим хүйтэнд даарсан хүмүүс гэх мэтээр төсөөлж байна. Уулзалтын үеэр энэ бүх төсөөллийг нь өөрчилнө. Энэ чиглэлээр Хэвлэл мэдээлэл, сурталчилгаа хариуцсан ажлын хэсэг идэвхтэй ажиллаж байгаа.

Ч.Ариунболд

Гэрэл зургийг Б.Чадраабал

相关新闻