Михаил Ходорковский Төрийн думын депутатад нэр дэшигчдэд тусална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
erdenechimeg@montsame.mn
2016-01-24 11:00:12

“ЮКОС”-ын  тэргүүн асан   Михаил Ходорковскийн ивээн тэтгэдэг “Открытая Россия” ( “Нээлттэй Орос “) иргэний нийгмээс Төрийн думын сонгуульд  нэг мандаттай тойргоос  нэр  дэвшигч 20  депутатыг  ивээн тэтгэхээр болжээ.

Энэ тухай оросын “Коммерсант” сонин өнөөдрийн дугаартаа уламжилсан байна. “Тус байгууллагын “Открытые ввыборы” (“Нээлттэй сонгууль”) хэмээх  төслийг “Москва 24” телевизийн сувгийн продюссер асан Тимур Валеев  тэргүүлжээ.  Түүний яриагаар, энэ  3 дугаар сар гэхэд шүүгчдийн бүрэлдэхүүн думын сонгуульд  туслах “бүс нутгуудын залуу удирдагчдыг”  сонгон шалгаруулах аж. Тусламж хууль зүй, мэдээлэл  болон санхүүгийн хүрээнд байхаар таамаглаж байна. ПАРНАС  улстөрийн нам  “Открытая Россия” –иргэний нийгмийг холбоотноо хэмээн үзэж, уг төслийг дэмжиж байна.(ПАРНАС- “Партия народной свободы” буюу  “Ардын эрх чөлөөний нам”).

“Открытая Россия” иргэний хөдөлгөөний мэдэгдэлд, “Нээлттэй сонгууль” төслийн энэхүү  “хосгүй туршилт”  зохион байгуулалтаараа “тус улсын сонгуулийн түүхэнд хамгийн шударга” байх болно гэжээ. Төслийн багийнхан сонгуулийн үеийн “ХМХ-ийн төлбөртэй нийтлэлүүд, зохиомол жагсагчид болоод  хар технологиос” татгалзахаа  амалжээ.

“Нээлттэй сонгуулийн” тэргүүн Тимур Валеев “Коммерсант”-ад Төрийн думын нэг мандаттай тойргоос  нэр дэвшигчдэд  дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байгаа тухайгаа ярьжээ.  Түүний яриагаар, “Открытая Россия” өөрсдийн бүс нутгийн тулгамдсан асуудлыг ойлгож, шийдвэрлэж байдаг төдийгүй, өөрийн талын дэмжигчидтэй тийм залуу удирдагчдыг сонгон шалгаруулах аж. “Бид хүний нөөцөөр тусална. Бүс нутгуудад сонгуулийн сурталчилгаандаа мөнгө цуглуулж чаддаг хүн үгүй бөгөөд  сурталчилгаагаа чанартай зохион байгуулдаг  улс төрийн технологчид бас  үгүй“ гэжээ. Тэрээр цааш нэр дэвшигчдэд хууль зүйн туслалцаа үзүүлэх тухайгаа нэмж хэлжээ.

 “Открытые выборы”   төслийнхөн 20-25 нэр дэвшигчид туслахаар төлөвлөж байгаа тухай Валеев тайлбарлав. Мөн тэд одооноос чадавхтай нэр дэвшигчтэй яриа хэлэлцээ явуулж, тохиролцоонд хүрээд  байна. Тухайлбал, Санкт-Петербургийн “ПАРНАС” намын хэсгийн удирдагч Андрей Пивоваров , Новосибирскийн “ПАРНАС” намын тэргүүн Егор Савин нар юм. 

Үүнийг улстөр судлаач Константин Калачев тайлбарлахдаа, Төрийн думын сонгуульд нэр дэвшигчдээс хэн ч “Ходорковскийн дэмжлэгтэй” гэх тийм  доромжлолыг өөртөө үүрэхийг хүсэхгүй гэжээ. “Хэрвээ Ходорковский туслахыг хүссэн бол цаг хугацаа, ажил хэргээрээ шалгарсан тийм хүмүүст далдуур тусалж болох байсан” гэв. Түүний үзэж буйгаар,  “Нээлттэй сонгууль” төсөл нь экс олигархи өөртөө пиар хийж байгаа ба “гудамжнаас” нэр дэвшигчдийн ажил хэрэгч тоглоомтой төстэй гэнэ. Түүнээс гадна хэвлэлд  уламжилж буйгаар, энэхүү төслийн эерэг тал нь сургалтад хамарсан нэр дэвшигчдийн хувьд  “шинээр олсон  эрдэм  мэдлэгээ  дараагийн бүс нутгийн  сонгуульд ашиглах боломжтой” гэж ноён Калачев үзэж байна.

Москва хот. А.Огторгуймаа  

相关新闻