УИХ-ын зургаан байнгын хороо хуралдана
МОНГОЛЫН МЭДЭЭӨнөөдөр УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Хууль зүй, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухаан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Аюулгүй байдал гадаад бодлого гэсэн зургаан байнгын хороо хуралдаан зарлалаа.
Эдийн засгийн байнгын хороогоор “Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Төсвийн байнгын хороогоор Хүүхдийн мөнгөний олголттой холбоотой “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэх бол Хууль зүйн байнгын хороогоор Эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэх тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд, Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан УИХ-ын 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийг, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор “Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо Санхүүгийн хамтын ажиллагааны ерөнхий хөтөлбөрийн тухай Монгол Улсын Засгийн газар, Унгар Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр зэргийг хэлэлцэх аж.
Мөн байнгын хороодоор Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны хороонд хүргүүлэх үүрэгтэй байгаа юм.
Н.Туяа