Ерөнхий сайд Г.Занданшатар: Төрийн үрэлгэн зардлыг багасгаж, бүсээ чангалах зарчим баримтална

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
oyundelger@montsame.gov.mn
2025-06-14 09:05:06

Улаанбаатар, 2025 оны зургаадугаар сарын 14 /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгийг хүргэж байна. 


Тэрбээр хэлсэн үгэндээ “Засгийн газрын тэргүүний хариуцлагатай албан тушаалд нэрийг минь дэвшүүлсэн та бүхэндээ, Монгол Ардын Нам, намын шийдвэрийг дэмжиж, Ерөнхий сайдаар томилуулах саналаа УИХ-д өргөн барьсан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Танд энэ талархал илэрхийлье. Шударга ёс, баялгийн тэгш хуваарилалт, мега төслүүд, бүсчилсэн хөгжил, Шинэ сэргэлт зэрэг томоохон бодлого, зорилт дэвшүүлж, зохих үр дүнд хүргэсэн Монгол Улсын 32, 33 дахь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, түүний тэргүүлсэн Засгийн газрын танхимын гишүүдэд хүндэтгэл илэрхийлж байна.

Шинээр байгуулагдах Засгийн газар МАН, АН, ХҮН намын 2024 оны УИХ-ын сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн зорилтуудыг тусгасан, хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлж, амжилт ололтыг улам бататгаж ажиллах болно.       


Эрхэм гишүүд ээ, дэлхий дахинд геополитик, гео-стратегийн хурцадмал нөхцөл байдал үргэлжилж, худалдаа, тарифын дайн нүүрлэсэн эгзэгтэй цаг үеийг улс орнууд туулж байна. Түүхий эдийн үнийн уналтаас шалтгаалж уул уурхайн цөөн тооны бараа бүтээгдэхүүнээс хамааралтай манай эдийн засаг хүндхэн сорилттой нүүр туллаа. Тухайлбал, манай улсын эдийн засаг сүүлийн дөрвөн жилд дунджаар таван хувиар өсөж байсан бол энэ оны эхний улиралд хоёр дахин багаслаа. Нүүрсний экспорт зогсонги болж, төсвийн орлого тасалдаж, гадаад валютын нөөц, төгрөгийн ханшид сөрөг дарамт учирч, инфляц нэмэгдэж байна. Урьдчилсан тооцоогоор жилийн эцэст төлбөрийн тэнцлийн алдагдал нэг тэрбум ам.долларт хүрч магадгүй. Мөн эрчим хүчний системийн найдвартай, тасралтгүй байдалд гэнэтийн эрсдэл үүслээ. Тиймээс эдийн засгаа тогтворжуулж, иргэдийн орлого, амьжиргааг тамиржуулах, эрчим хүчний гэнэтийн доголдол зэрэг тулгамдсан асуудлыг яаралтай шийдэх шаардлага үүслээ. Эрсдэл, сорилтыг даван туулах, үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бүх түвшинд төлөвшүүлэх нь шинэ Засгийн газрын тэргүүний зорилт байх болно. Бид гадаад, дотоод таагүй нөхцөлөөс хожиж гарах ёстой. Үүний тулд Засгийн газар Үндэсний аюулгүй байдал, монгол хүний эрх ашигт заналхийлж, итгэлийг нь үгүй хийж, мөрөөдлийг нь сүүдэртүүлж буй асуудлыг эрэмбэ, шат дараатай шийдэхийг зорилгоо болгоно. Улсын эдийн засаг хүнд байгааг хэлье. Зардлаа багасгаж, орлогоо хэмнэхээс өөр сонголт бидэнд алга. Гэхдээ эрсдэлийг даван туулахдаа ард түмэн, аж ахуйн нэгжийнхээ нуруунд үүрүүлж, халаас хэтэвчийг нь тэмтрэх бус төрийн үрэлгэн зардлаа багасгаж, бүсээ чангалах зарчмыг баримтална.


Тиймээс Монгол Улсын 2025 оны төсөвт нэн яаралтай хэмнэлтийн тодотгол хийж, төсвийн сахилга бат, ил тод, нээлттэй, нэгдмэл байдлыг чанд сахиж, хариуцлагын тогтолцоог эрс чангатгана. Төсвийн зардал, ачааллыг нэмж буй төрийн нүсэр бүтцийг эмхлэн, “тооноос чанарт” шилжиж, цомхон, чадварлаг, бүтээмжтэй төрийн албыг бий болгох бодит алхмууд хийнэ. Төрийн өмчит аж ахуйн нэгж, чиг үүрэг давхардсан үндэсний хороод, үр ашиг муутай төрийн сангуудыг цэгцэлнэ. Төрийн өмчит компаниудын тоог цөөлж, хувьчлалыг эрчимжүүлэн, засаглалыг сайжруулж, олон нийтийн хяналттай, цомхон, чадварлаг, үр өгөөжтэй байх бүтцийн өөрчлөлт хийж, мэргэшсэн удирдлагын тогтолцоо нэвтрүүлнэ. Манай Засгийн газар хөдөлмөрлөж буй хүн бүрийг, ажил олгогч - баялаг бүтээгч нараа бүх талаар дэмжих болно.

Тиймээс татвар, нийгмийн даатгалын сангийн цогц реформ хийж, иргэн, аж ахуйн нэгжийн татварын дарамтыг багасгаж, шаталсан, шударга татварын тогтолцоог бэхжүүлж, татварын бааз суурийг өргөтгөнө.


Түүнчлэн хувийн хэвшлийн хийх боломжтой ажлыг төр хийхгүй байх зарчим баримтална. Төрийн зарим үйлчилгээний чиг үүргийг хувийн хэвшил, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж, эдийн засаг дахь хувийн хэвшлийн оролцоог нэмэх чиг баримтална. Мөн жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, инновац, бүтээмжийг дэмжсэн эрх зүйн шинэчлэл хийж, бизнесийн орчны хүндрэл, чирэгдлийг арилгаж, хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг нэмнэ.

Хүний хөгжил бол манай Засгийн газрын хамгийн том мега төсөл байх болно. Шинэ Засгийн газар монгол хүний хөгжлийг бодлогынхоо цөмд нь, иргэдийнхээ эрхийг шийдлийнхээ голд нь тавьдаг, ард түмний төлөө Засгийн газар байхыг эрхэм зорилгоо болгоно. Чадварлаг, бүтээмжтэй, эрүүл саруул, дэлхийд өрсөлдөх чадамжтай монгол хүний хөгжилд чиглэж, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын цогц реформыг эрчимжүүлнэ. Бүтээмж, гүйцэтгэл, үр дүнд суурилсан цалин хөлсний бодлогыг салбар бүрд нэвтрүүлнэ. Халамжийн тогтолцоог шинэчилж, хамгийн сайн халамж бол хөдөлмөрлөх зарчмыг удирдлага болгоно. Тэтгэврийн шинэчлэлийг эрчимжүүлж, нийгмийн даатгалын сангийн алдагдлыг багасгаж, удирдлага менежментийг шударга, ил тод, мэргэжлийн хөрөнгийн удирдлагын тогтолцоонд шилжүүлнэ. Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлж, “Баялагтаа эзэн монгол” зорилтыг хэрэгжүүлнэ. Эзэн байхын учир нь өмчийнхөө зарцуулалтыг хянах, үр өгөөжийг нь тэгш хүртэх учиртай байхад чиглэнэ. Энэ зарчмын үүднээс стратегийн ач холбогдол бүхий орд эзэмшигч аж ахуйн нэгжүүдтэй хийж буй хэлэлцээрийг үргэлжлүүлэн, бодит үр дүнд хүргэнэ.



Монголчууд Ардчилсан Үндсэн хуулиа батлаад 30 гаруй жилийг туулжээ. Миний бие өнгөрсөн хугацаанд ард түмэн, төр засгийн дэмжлэгээр парламент, гүйцэтгэх засаглал, гадаад харилцаа, төрийн бодлогын түвшинд ажиллахдаа олон сорилт, бэрхшээлийг туулж, ардчиллын засаглалыг бэхжүүлэх, төлөөллийн ардчиллыг зөвлөлдөх ардчилалтай хослуулан, төрийн тогтвортой байдлыг хангахын төлөө зүтгэж ирсэн. УИХ-ын даргаар ажиллаж байхдаа Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлуулж, газрын хэвлийн баялагтаа ард түмэн эзэн байх суурь зарчмыг Үндэсний баялгийн сангийн хуулиар батлуулсан. Мөн хүний эрхийг хамгаалагчийн тухай, төрийн хүнд суртлыг бууруулах зөвшөөрлийн хууль, авлигагүй нээлттэй засаглалыг бэхжүүлэх цахим хөгжлийн багц хууль, хүний хөгжлийг дэмжих боловсролын багц хууль зэрэг чухал суурь хуулиудыг батлуулсан. Шинэ Засгийн газар хууль хэрэгжүүлэх, хуулийн үйлчлэлийг тэгш байлгах, шударга ёс, тэгш эрхийг хангахад бүх анхаарлаа хандуулна. Мөн төрд ёс зүйг сахиулах нь Засгийн газрын эн тэргүүний зорилт байх болно.


Хууль дээдлэх, ёс зүй, хариуцлагыг эрхэмлэх зарчим дээрээсээ эхэлж, ард иргэд, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн хамтарсан хяналт, оролцоо, ил тод байдал дээр тулгуурлах учиртай. Ард түмэнтэйгээ хамгийн ойр, үгийг нь сонсдог, шаардлагыг нь анхаардаг, үйл ажиллагаа, шийдвэр нь ил тод байдаг төр, засаг л иргэдийнхээ төрд итгэх итгэлийг нэмнэ. Тиймээс авлигаас ангид, ард түмнээсээ зугтаадаггүй, эрх мэдлийн ард нуугддаггүй, үнэнээ хэлдэг засаг байх болно. 

Манай Засгийн газар хариуцлага нь эзэнтэй Засгийн газар байх учиртай. Алга ташуулахад эзэн олон, алдаа дутагдалд хариуцагч байхгүй байх нь шударга ёсны зарчимд нийцэхгүй. Тиймээс алдаа, бурууд цаг тухайд нь хариуцлага тооцдог зарчмыг мөрдөнө. Алдсанаа хүлээдэг, буруудсанаа засдаг, буруутанд хариуцлага оноодог байх нь ардчилсан засаглалын зарчим мөн чанарт нийцнэ. Асуудлыг ерөнхийлж бөөрөнхийлдөггүй, ацаглаж хойш тавьдаггүй, жлстөржилт талцалгүй Засгийн газар байна. Богино зайн дуулиан шуугианд хөтлөгдөхгүйгээр улирлын чанартай бэрхшээлийг оновчтой шийдэж, урт хугацааны ултай суурьтай шийдэлд төвлөрнө. Шинэ Засгийн газар төрийн бодлогын залгамж чанарыг хэлбэрэлтгүй сахина. Өмнөх засгийнхаа сайн бодлогыг үргэлжлүүлж, улс орны ашиг сонирхолд нийцсэн мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, цаг алдалгүй хэрэгжүүлэхийг зорино.


Улаанбаатар хотын түгжрэл, агаарын бохирдол зэрэг асуудлыг шийдэх нийслэлийн бодлого, үйл ажиллагааг бүх талаар дэмжинэ. Дэлхийн хамтын нийгэмлэг, бүс нутгийн түвшинд гадаад харилцаанд ололтоо ахиулж, амжилтаа бататгана. Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, Монгол Улсын язгуур ашиг сонирхлыг цорын ганц хэмжүүр, шалгуур болгоно. Монгол Улс бол сайн хөрш, найдвартай түнш, итгэл даах хамтрагч гэдэг дүр төрхийг баталгаажуулахыг эрмэлзэнэ. Товчилж хэлбэл, Монгол Улсынхаа олон улсад өсөн нэмэгдэж буй нэр хүндийг бататган бэхжүүлэгч Засгийн газар байхыг эрмэлзэнэ.Түүнчлэн “Digital first” гэсэн уриа дор “Цахим шилжилтийг эрхэмлэгч” Засгийн газар байна. Их өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалт бидний зорилт байх болно. Төрийн ажил, үйлчилгээг цахимд шилжүүлэх эрмэлзэл бүрийг, хөдөлмөр хөнгөвчлөх, бүтээмж нэмэх, инновац, шинэ технологи нэвтрүүлэх шийдэл болгоныг Засгийн газар ямагт урамшуулан дэмжих болно. 


Дэлхий дахинд үүсээд буй хурцадмал байдал, Монголыг чиглэсэн гаднын ашиг сонирхол монголчууд биднийг эвтэй байхыг шаардаж байна. Энэ нь хэзээ хэзээнээс илүү үнэ цэнтэй болсныг хүн бүр мэдэрч, санаж явах учиртай. Үзэл бодол ондоо, байр суурь тусдаа, намын харьяалал өөр байж болно. Гэхдээ Улс Монголоо гэсэн сэтгэл нэг л байх ёстой. Тиймээс бид эвийг эрхэмлэдэг Засгийн газар байна. “Ойрын нөхөд хэрэлдэхэд холын дайсан баярладаг” гэсэн үг бий. Үүн дээр “Гадаа хүйтэрч байхад гэр дотор дулаан байх ёстой” гэж нэмж хэлье. Эвийг хичээж, эеийг эрхэмлэж, зөвшилцөл ойлголцлыг тэргүүнд эрэмбэлж, Монголынхоо, ард түмнийхээ төлөө нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэхийг УИХ-ын гишүүдээсээ эрхэмлэн хүсье. Засгийн газрын тэргүүний хувьд би хүнийг төвд нь тавьсан хөгжил, шударга ёсыг эрхэмлэсэн төр, “Нэг бодлого-нэг зүтгэл” уриаг үйл хэрэгтээ хэрэгжүүлж, эв нэгдэл, итгэлд суурилан ажиллахаа илэрхийлье. Нэг монгол, нэг гэр бүл, нэг ард түмэн гэдгээ ухамсарлаж, хүсэл зорилго, үнэт зүйлээрээ нэгдэн нийлж, сэргэн мандсан хүчирхэг Монголын төлөө хамтран зүтгэцгээе. Монгол Улс мандан бадрах болтугай” гэжээ.

相关新闻