Аймгуудын мандатын тоог цөөлөхийг эсэргүүцнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-01-18 12:57:00

УИХ дахь Бие даагч гишүүд өнөөдөр Төрийн ордонд энэ долоо хоногт байнгын хороо болон чуулганы хуралдаанаар хэлэлцэх асуудлаар байр сууриа илэрхийлж хэвлэлийн бага хурал хийлээ.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн мэдээллийн эхэнд Гацууртын ордын асуудал дээр эцсээ хүртэл эсрэг байр суурьтай байна гэдгээ мэдэгдээд, “Гацууртын орд дахь хүнцэлийн хорыг 2000-10000 мянган жилийн хугацаанд саармагжуулахад ихээхэн хэмжээний зардал гарна. Мөн олон зуун хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдана. Ялангуяа Сэлэнгэ, Дарханаас нэр дэвшсэн болон нэр дэвшихээр горилж байгаа хүмүүс энэ асуудал дээр онцгой анхаарах хэрэгтэй” гэлээ.

Тэрбээр цааш хэлэхдээ, “Ирэх 2016 оны сонгуульд зарим нэг аймгийн мандатын тоог цөөрүүлж улмаар нийслэлийн мандатын тоог нэмэх асуудал ярьж байна. Төрийн эрх барьж буй улстөрийн хүчин өөрт тохирсон байдлаар хуулийг баталж болохгүй. Монгол орон өргөн уудам нутагтай, хүн ам сийрэг энэ үед иргэдийн саналыг үл хүндэтгэсэн арга хэмжээ авч болохгүй” гэлээ.

Бие даагч гишүүд мөн Төрийн албаны тухай хуулийг дэмжихээр болжээ. Тэд өнөөгийн нийгэм эдийн засгийн уналт бол төрийн албыг мэргэжлийн бус сайд, ажилтнуудаар дүүргэсэнтэй холбоотой. Тиймээс Төрийн албаны зөвлөлийн орон тоо, эрх хэмжээг нэмэгдүүлж, хууль бус томилгоог цуцалдаг байх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үүнээс гадна Онцгой албан татварын тухай хуулийг өөрчилж, архи импортлох зөвшөөрлийг 1 тэрбум, шар айраг импортлох зөвшөөрлийг 500 сая, дарс импортлох эрхийг 100 сая төгрөгөөр тогтоож байгаа нь хэдхэн хүний эрх ашгийг хамгаалсан хэрэг болж байна гэв.

Түүнчлэн ЭМС-ын сайдыг 30 хоногийн дотор томилох хуулийн заалтыг Ерөнхий сайд зөрчсөн. Ерөнхий сайд ийн салбарын ажлыг унагаж, хариуцлагагүй байдлыг бий болгож байгаа тул Г.Уянга гишүүний санаачилсан огцруулах тухай асуудлыг эрчимжүүлнэ гэдгээ Ц.Даваасүрэн гишүүн хэллээ.

УИХ маргааш Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийнэ. Энэ тухайд УИХ-ын гишүүн Х.Болорчулуун цэцийн гишүүний тэтгэвэрт гарах насыг 65 байх заалтыг дэмжинэ. Ингэснээр цэц хариуцлагажина хэмээн үзэж байна хэмээв.

Тэд Улс төрийн намын тухай хуулинд намуудыг хөрөнгөгүй байхаар тусгаж оруулж ирснийг эсэргүүцэж байгаа аж. Учир нь шударгаар хуримтлуулсан хөрөнгийг хураах асуудал байж болохгүй, зах зээлийн тогтолцоонд хувь хүн ч хөрөнгөтэй байдаг. Нам тодорхой хөрөнгөтэй байж хараат бус тогтолцоонд оршин тогтоно. Үүний зэрэгцээ намуудыг бүртгэх тогтолцоо болон 3000-аас доош хүн амтай сууринд намын анхан шатны нэгж байгуулах заалтуудыг оновчтой бусаар тусгасан гэж бие даагчид үзэж байна.

Б.Туул

相关新闻