Чуулганы хуралдаан ирц хангалтгүйгээс тарлаа
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ-ын чуулган өнөөдрийн үдээс хойшхи хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хийв.
Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны танилцуулгыг сонссон. Иймээс хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлсэн юм.
Хуулийн төслийн анхны хувилбарт цэцийн гишүүн Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно хэмээн тусгасан байсан. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулиар бол цэцийн гишүүн 60 нас хүрсэн тохиолдолд тэтгэвэрт гарахаар тусгасан байсан ч хэлэлцүүлгийн явцад Төрийн албаны тухай хуулиар буюу 65 нас хүрсэн гишүүнийг тэтгэвэрт гаргах нь зүйтэй хэмээн үзсэн юм. Мөн хуулийн төсөлд тэтгэвэрт гарах үндэслэлээс гадна цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх зэрэг зохицуулалтыг тусгасан. Түүнчлэн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны зарим зохицуулалтыг тусгажээ.
Хэлэлцүүлгийн шатанд цэцийн гишүүнээс чуулганы хуралдаан болон байнгын хорооны хуралдаан дээр тайлбар авч болдог байхаар гаргасан зарчмын зөрүүтэй саналаар санал хураалт явуулахад 63.5 хувь нь дэмжлээ. Ингээд хуулийн төслийг бүхэлд нь батлах санал хураалт явуулахад гэхэд ирц хангалтгүй байсан тул ирэх долоо хоногт хурдавчилсан хуралдаан хийхээр болов.
УИХ-ын дарга хэлэхдээ, "Өнөөдөр 12 асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн. Гэтэл ганц асуудал хэлэлцсэн байна. Одоо ирц хангалтгүй байгаа тул хуралдааныг өндөрлүүлж байна. Ирэх долоо хоногт байнгын хорооны хуралдааны завсараар чуулганыг хуралдуулж эдгээр асуудлын хэлэлцүүлгийг хийе" гэснээр чуулганы өнөөдрийн хуралдаан тарлаа.
Б.Туул